12 дугаар зүйл. Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээдийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээдийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх

12.1.Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд Иргэний хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж бүртгүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаж болно.

12.2.Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд энэ хуулийн 12.1-д заасны дагуу мэдүүлэг гаргасан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг нээж, Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийнэ.

12.3.Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд энэ хуулийн 12.2-т заасны дагуу бүртгүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 104.2-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авна.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан журмаар бүртгүүлсэн этгээдийн эрх нь эрх залгамжлалын үндсэн дээр бусдад шилжсэн бол эрх залгамжлагч энэ тухай эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

12.5.Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд бүртгүүлснээс хойш Иргэний хуулийн 104.2-т заасан хугацаа өнгөрсөн бол бүртгүүлсэн этгээдийн хүсэлтээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг бүртгэнэ.

12.6.Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд түүнийг шударга бусаар олж авсан, эсхүл Иргэний хуулийн 104.2-т заасан хугацааны дотор уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь тодорхой болсон бол тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг бүртгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.