13 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

13.1.Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:

13.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх;

13.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдөх;

13.1.3.үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдөх;

13.1.4.үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар өөрчлөгдөх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.5.нэгж талбарын дугаар өөрчлөгдөх;

13.1.6.бүртгэлд тусгагдсан бусад мэдээлэл өөрчлөгдөх.

13.2.Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:

13.2.1.өргөдөл;

13.2.2.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг;

13.2.3.үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдсөн бол эрх бүхий байгууллагын шийдвэр;

13.2.4.барилга байгууламжийн зураг төсөл, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;

13.2.5.бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад өөрчлөлтийг нотлох баримт;

13.2.6.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт.

13.3.Өмчлөгчийн иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөгдсөнийг бүртгэхэд улсын бүртгэгч цахим мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгах бөгөөд боломжгүй тохиолдолд мэдүүлэг гаргагчаас холбогдох баримтын хуулбарыг авч, мэдүүлэгт хавсаргана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.4.Үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа аймаг, сум, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдвөл хувийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.5.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор зохих өөрчлөлтийг оруулж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

13.6.Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж үзвэл улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчид энэ хуулийн 13.5-д заасан хугацаанд хариу мэдэгдэнэ.

13.7.Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3-т заасныг зөрчиж нийтийн зориулалттай орон сууцны хийц, бүтээц, зориулалтыг өөрчилсөн бол холбогдох өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.