15 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл
15.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх маягтад дараах мэдээллийг тусгана:
15.1.1.гэрээний төрөл, эрх үүсгэсэн шийдвэр;
15.1.2.гэрээний талуудын талаарх мэдээлэл /иргэн бол овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, түүнийг төлөөлөх этгээдийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар/ /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.3.гэрээний хугацаа;
15.1.4.гэрээний үнэ;
15.1.5.бүртгэсэн он, сар, өдөр.
15.2.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж, мэдүүлэг гаргагчид буцаана.
15.3.Улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргана.
15.4.Энэ хуулийн 15.1-д заасан маягтын загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
15.5.Талуудын эрх, үүрэг өөрчлөгдсөн, гэрээ дуусгавар болсон, эсхүл гэрээний талууд өөрчлөгдсөн бол энэ тухай эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
15.6.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бол энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ.
15.7.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрхийг мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.