28 дугаар зүйл. Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл
28.1.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна:
28.1.1.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
28.1.2.газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ;
28.1.3.газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын шийдвэр;
28.1.4.газрын кадастрын зураг;
28.1.5.бусдын эзэмшил, ашиглалтад сервитут тогтоосон шийдвэр, гэрээ;
28.1.6.газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэрээ;
28.1.7.газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээ;
28.1.8.газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих, эсхүл эргүүлэн авах тухай шийдвэр, гэрээ;
28.1.9.тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал.
28.2.Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн сан дахь энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийг нягтлан шалгаж, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.
28.3.Улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна.
28.4.Газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 7.11, 7.12, 7.13, 7.14 дэх хэсэг хамаарахгүй.
28.5.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд энэ хуулийн 28.3-т заасан улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.