29 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах

29.1.Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:

29.1.1.бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа;

29.1.2.Иргэний хуулийн 185.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй;

29.1.3.мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн;

29.1.4.цахим хэлбэрээр мэдүүлэг гаргагч гарын үсгээ Цахим гарын үсгийн тухай хуульд зааснаар баталгаажуулаагүй;

29.1.5.мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа;

29.1.6.хуульд заасан бусад үндэслэл.

29.2.Улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан тухай хариуг мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд хариу мэдэгдэлд татгалзсан тухай үндэслэлээ тодорхой тусгана.

29.3.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 29.1-д заасан улсын бүртгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.

ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД ТУСГАЙ БОЛОН УРЬДЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ ХИЙХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.