30 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх
30.1.Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:
30.1.1.өмчлөгчийг иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
30.1.2.хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан;
30.1.3.тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан;
30.1.4.шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;
30.1.5.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн;
30.1.6.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 14.4-т заасан тусгай тэмдэглэл хийлгэх хүсэлт гаргасан;
30.1.7.улсын бүртгэлийг давхардуулсан, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэнтэй холбогдон улсын байцаагчийн шийдвэр гарсан.
30.2.Энэ хуулийн 30.1.1-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх шилжүүлэн авсан этгээдийн гаргасан мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
30.3.Энэ хуулийн 30.1.2-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
30.4.Энэ хуулийн 30.1.3-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
30.5.Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно.
30.6.Энэ хуулийн 30.1.5-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол дараах баримт бичгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна:
30.6.1.барьцааны зүйлийг худалдан борлуулсан бол худалдан авагчийн мэдүүлэг, улсын байцаагчийн дүгнэлт;
30.6.2.барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу барьцаалагчид шилжүүлсэн бол барьцаалагчийн мэдүүлэг, улсын байцаагчийн дүгнэлт.
30.7.Энэ хуулийн 30.1.6-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 14.6-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
30.8.Энэ хуулийн 30.1.7-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
30.9.Тусгай тэмдэглэлийг энэ хуулийн 30.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн хүрээнд хийх бөгөөд ийнхүү тусгай тэмдэглэл хийсэн нь өмчлөгч уг хөрөнгөтэй холбоотой тусгай тэмдэглэлээр хориг тавигдсанаас бусад эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой бүртгэл хийлгэхэд саад болохгүй.