6 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх
6.1.Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.
6.2.Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.
6.3.Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
6.4.Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно.
6.5.Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна.
6.6.Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
6.7.Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй тухайн бүртгэлийг хөтлөх улсын бүртгэгч, хариуцсан архивын ажилтан, бүртгэлийн хяналт шалгалтын зорилгоор ахлах бүртгэгч, улсын байцаагч тогтоосон журмын дагуу харьцах бөгөөд хувийн хэргийг улсын бүртгэлийн байгууллагын байрнаас гадагш гаргахыг хориглоно.
6.8.Энэ хуулийн 6.7 дахь хэсэг нь өмчлөгч болон бусад этгээд энэ хуульд заасан журмын дагуу цахим хэлбэрээр мэдээлэл авахад хамаарахгүй.
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ