7 дугаар зүйл. Мэдүүлэг гаргах
7.1.Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан мэдүүлгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.
7.3.Мэдүүлгийн загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
7.4.Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг хамтран өмчлөгчдийн аль нэг нь төлөөлөн гаргаж болно.
7.5.Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа этгээд тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргана.
7.6.Мэдүүлэг гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ өөрчлөх, буцаан авах эрхтэй.
7.7.Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна.
7.8.Хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
7.9.Гэрээ, хэлцлийн талууд нотариатаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна.
7.10.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 4.1-д заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр цахим хэлбэрээр мэдүүлэг гаргахдаа гарын үсгээ Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу баталгаажуулсан байна.
7.11.Цахим хэлбэрээр мэдүүлэг гаргахад энэ хуульд заасан нийтлэг зохицуулалт нэгэн адил хамаарна.
7.12.Улсын бүртгэгч цахим хэлбэрээр гаргасан мэдүүлэг, баримт бичгийг хүлээн авах, эсхүл хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг мэдүүлэг гаргагчид энэ хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.
7.13.Цахим хэлбэрээр мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.12-т заасан бүртгэх тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор холбогдох баримт бичгийн эх хувийг улсын бүртгэлийн байгууллагад цаасан хэлбэрээр ирүүлнэ.
7.14.Улсын бүртгэгч энэ хуулийн 7.13-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад эх хувиар ирүүлсэн баримт бичгийг цахим хэлбэрээр илгээсэн баримт бичигтэй тулган нягталж, энэ хуульд заасан хугацаанд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулна.