22 дугаар зүйл. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг
22.1.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
22.1.1.нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
22.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;
22.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;
22.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
22.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
22.1.7.хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;
22.1.8.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;
22.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ.
22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.
22.3.Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
22.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
22.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;
22.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;
22.3.4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ;
22.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
22.3.6.улсын бүртгэлийн гэрчилгээ.
22.4.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТАТАН БУУЛГАСНЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ