4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

4.1.2."хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;

4.1.3."хуулийн этгээдийн улсын бүртгэл" /цаашид "улсын бүртгэл" гэх/ гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3-т заасныг;

4.1.4."хуулийн этгээдийн хувийн хэрэг" гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг;

4.1.5."үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг;

4.1.6."хуулийн этгээдийн мэдээлэл" гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг;

4.1.7."улсын бүртгэлийн байгууллага" гэж энэ хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтныг;

4.1.8."улсын бүртгэлийн мэдээллийн сан" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

4.1.9."бүртгэлийн цахим хэлбэр" гэж цахим сүлжээгээр дамжуулан улсын бүртгэлийн байгууллагад хандаж улсын бүртгэл хийлгэхийг;

4.1.10."улсын бүртгэлийн гэрчилгээ" гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг;

4.1.11."эцсийн өмчлөгч" гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.