7 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн этгээд
7.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ:
7.1.1.нөхөрлөл;
7.1.2.компани;
7.1.3.холбоо /төрийн бус байгууллага/;
7.1.4.сан;
7.1.5.хоршоо;
7.1.6.шашны байгууллага;
7.1.7.нийтийн эрх зүйн хуулийн этгээд;
7.1.8.төрийн байгууллага, албан газар;
7.1.9.улсын төсөвт үйлдвэрийн газар;
7.1.10.аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар.
7.1.11.боловсролын сургалтын байгууллага /сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол/. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.1.12.эрдэм шинжилгээний байгууллага. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.2.Улсын бүртгэлийн байгууллага гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэх бөгөөд холбогдох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3.Улсын бүртгэлийн байгууллага олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрыг бүртгэх бөгөөд холбогдох журмыг улсын бүртгэлийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
7.4.Энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаас бусад хэлбэрийн хуулийн этгээдийг бүртгэх харьяаллыг мөн хуулийн 8.4-т заасан журмын дагуу тогтооно.
7.5.Энэ хуулийн 7.1.8, 7.1.9-д олон улсын байгууллага, Засгийн газрын тусгай сан, комисс, хороо, үндэсний зөвлөл хамаарахгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэхгүй.
7.6.Улсын дээд шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./