8 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг
8.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх;
8.1.2.хуулийн этгээд тус бүрд холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хэвлэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргаж, архивт хадгалах;
8.1.3.энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх;
8.1.4.хуулийн этгээдийн хувийн хэргээс энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа олгох;
8.1.5.хуулийн этгээдийн нэрийн сан хөтлөх, түүнээс лавлагаа олгох;
8.1.6.улсын бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагатай мэдээлэл харилцан солилцох;
8.1.7.улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад гаргах;
8.1.8.тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгох;
8.1.9.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, тэдгээрийг эзэмшиж байгаа эзэмшигч, хувьцааны хувь хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийн талаар улсын бүртгэл хөтөлж, энэ талаарх мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргаж, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;
8.1.10.хуулийн этгээдэд хэрэглэсэн эрх хасах, татан буулгах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх.
8.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ.
8.3.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
8.4.Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.5.Энэ хуулийн 8.4-т заасан журмын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, заавар, хуулийн этгээдийн хэлбэрийн индексийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
8.6.Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
8.7.Энэ хуулийн 8.6-д заасан цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ.
8.8.Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно:
8.8.1.гэрчилгээ болон тамга, тэмдэг ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн;
8.8.2.тамга, тэмдгийн өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх хүсэлт гаргасан;
8.8.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан;
8.8.4.гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн;
8.8.5.гэрчилгээ болон тамга, тэмдэг устсан;
8.8.6.улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.
8.9.Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.
8.10.Энэ хуулийн 8.9-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.
8.11.Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН ХЭРЭГ