13 дугаар зүйл. Нууцлалын баталгаа

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Нууцлалын баталгаа

13.1.Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно.

13.2.Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан болон татварын албанд ажиллаж байсан этгээд, татварын албаны хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон хүн нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн татвар төлөгчийн мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд доор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:

13.2.1.татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч;

13.2.2.татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, гэмт хэргийг бүртгэх шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид зөвхөн уг зөрчил, гэмт хэрэгт холбогдох асуудлаар;

13.2.3.олон улсын гэрээний дагуу харилцан мэдээлэл солилцох зорилгоор томилогдсон буюу сонгогдсон эрх бүхий албан тушаалтанд гэрээтэй холбоотой мэдээлэл солилцох асуудлаар.

13.3.Татвар төлөгч зөвшөөрсөн, эсхүл хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл, статистикийн зорилгоор татварын албанд нэгтгэсэн нэгдсэн тайлан, мэдээ энэ хуулийн 13.1-д хамаарахгүй.

13.4.Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр жагсаалт хэлбэрээр албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлнэ: /Энэ хэсгийн “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.4.1.санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагаас мэдээлэл ирсэн тухай бүрд; /энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан /

13.4.2.хууль хяналтын байгууллагын, эсхүл шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаарыг тухай бүрд. /Энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөн найруулсан/

13.5.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.4-т заасны дагуу татвар төлөгчийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө татварын албанд бүртгэлтэй утас, цахим шуудангийн хаягаар тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох бөгөөд уг хугацаанд энэ хуулийн 13.6-д заасан үндэслэл хангагдсан тохиолдолд олон нийтэд мэдээлэхгүй. /Энэ хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.6.Энэ хуулийн 13.4-т заасны дагуу цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлсэн татвар төлөгчийн мэдээллийг дараах үндэслэлээр жагсаалтаас тухай бүр хасна: /Энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.6.1.санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг хууль хяналтын байгууллагын, эсхүл шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон бол холбогдох шийдвэрийг үндэслэн; /Энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.6.2.эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгч сайн дураараа оршин суугаа газраа тодорхойлсон, эсхүл хууль хяналтын байгууллага олж тогтоосноор эрэн сурвалжлах нөхцөл арилсан талаарх мэдээллийг үндэслэн. /Энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.7.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нууц мэдээллийн санд нэвтрэх эрхтэй татварын улсын байцаагчийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр томилох бөгөөд түүний нууц мэдээллийн санд нэвтрэх, ашиглах үйлдэл бүртгэлтэй байна. Энэ заалтын дугаарт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.