14 дугаар зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих
14.1.Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно:
14.1.1.тухайн төрлийн татварын өрийг төлж дууссан;
14.1.2.бусад татварын илүү төлөлтийг тухайн төрлийн татварын өрд суутган тооцсон;
14.1.3.татвар төлөгч тухайн төрлийн татвараас хуулиар чөлөөлөгдсөн;
14.1.4.тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон, уг хуулийн дагуу ногдуулах татварын өрийг төлж дууссан;
14.1.5.нас барсан болон нас барсанд тооцсон татвар төлөгч хувь хүн нь өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй нь шүүхээр тогтоогдсон.
14.2.Хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татан буулгах комисс, дампуурсан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч төлөөгүй татварыг хуулийн этгээдийн хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж холбогдох төсөвт төлнө.
14.3.Хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон эрх, үүрэг өөрчлөн байгуулагдсаны үр дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.
14.4.Хуулийн этгээдийг тусгаарлах, хуваах замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд татвар ногдох зүйл, хуваарилагдсан хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ.
14.5.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийг энэ хуулийн дагуу эрсдэлтэй гэж тооцсон тохиолдолд татварын хяналт шалгалтад хамруулна.
14.6.Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй.