15 дугаар зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа
15.1.Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.
15.2.Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.
15.3.Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:
15.3.1.тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
15.3.2.тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
15.3.3.борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
15.3.4.тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.
15.4.Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
15.5.Татварын алба үнэ шилжилтийн тохируулга хийх зорилгоор гадаад улсын татварын албанаас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан өдрөөс хүсэлтийн хариу ирсэн өдөр хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно.
ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХИЙН ЭСРЭГ ЕРӨНХИЙ ДҮРЭМ