16 дугаар зүйл. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм

16.1.Татварын хяналт шалгалтын үеэр доор дурдсан нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон боловч хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй бол Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эрхтэй байна:

16.1.1.татвар төлөгч нь дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран татварын схем зохион байгуулсан;

16.1.2.энэ хуулийн 16.1.1-д заасан татварын схемийн хүрээнд тухайн татвар төлөгч татвараас зайлсхийх замаар татварын ашиг хүртсэн.

16.2.Татвар төлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хэлбэрээр татвараас зайлсхийж татварын ашиг хүртсэн бол татварын алба татвар төлөгчийн татварын ногдлын хэмжээг дээр дурдсан татварын схемийг ашиглаагүй, эсхүл татварын ашиг хүртээгүй байх нөхцөлөөр дахин тодорхойлж татварын ногдолд залруулга хийнэ.

16.3.Татвар төлөгч энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан үйлдлийг бусад этгээдтэй хамтран хэрэгжүүлсэн бол уг хамтарсан этгээдийн татварын ногдлыг уг нөхцөлөөр дахин тодорхойлж, залруулга хийнэ.

16.4.Татварын алба энэ хуульд заасны дагуу залруулга хийсэн бол холбогдох татварыг нөхөн ногдуулна.

16.5.Нөхөн ногдуулалтыг энэ хуулийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд багтаан эхлүүлэх бөгөөд нөхөн ногдуулалтын хамрах хугацаа нь энэ хуулийн 16.3, 16.4-т зааснаар татварын ногдлыг тодорхойлсноос өмнөх 4 жилийг хамаарна.

16.6.Энэ хуулийн 16.1.1-д заасан татварын схемийг ашиглан дараах үр дүнд хүрсэн бол энэ хуулийн 16.1.2-т заасан татварын ашиг хүртсэнд тооцно:

16.6.1.татварын суурийг бууруулах буюу татвараас чөлөөлөгдөх орлого, татварын хөнгөлөлт, суутган тооцоолол, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг бүртгэлийн аргаар өөрчлөх;

16.6.2.татвар төлөх үүргийг хойшлуулах;

16.6.3.татвар төлөх үүргийг хойшлуулснаар үүсэх давуу байдал олж авах;

16.6.4.чөлөөлөгдөх орлого, эсхүл татвар ногдохгүй орлогын хэмжээг нэмэгдүүлэх замаар татвар ногдох орлогыг бууруулах;

16.6.5.татвар ногдох орлогод татвар ногдуулахгүй байх.

16.7.Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эсэхийг Эрсдэлийн удирдлагын хороо шийдвэрлэх бөгөөд хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тайлбар:"Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм" гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг "General Anti-Avoidance Rule"-ийг ойлгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.