18 дугаар зүйл. Гадаад улсын эрх бүхий байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журам
18.1.Энэ зүйлд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
18.1.1."мэдээллийг автоматаар солилцох" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд гадаад улсын оршин суугч этгээдийн талаарх хэлэлцэн тохирсон мэдээллийг аливаа урьдчилсан хүсэлтгүйгээр тогтмол, тодорхой хугацааны давтамжтай хэлэлцэн тохирогч талууд хоорондоо солилцохыг;
18.1.2."мэдээлэл" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор доор дурдсаны аль нэг, эсхүл бүгдийг нь агуулсан үйл баримт, тайлан, баримт, бүртгэл, дансны мэдээллийг;
18.1.2.а.банк, санхүүгийн байгууллага, тэдгээрээс томилогдсон этгээд, хөрөнгө итгэмжилсэн этгээд, зуучлагч болон батлан даах чадвар бүхий этгээдийн мэдэлд байгаа баримт, тайлан, бүртгэл, дансны мэдээллийг;
18.1.2.б.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, нөхөрлөл болон бусад этгээдэд хамааралтай үйл баримт, тайлан, баримт, бүртгэл, дансны мэдээллийг;
18.1.2.в.хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд хувьцаа, хувь оролцоо, нэгж эрх болон бусад ашиг сонирхлын тухай мэдээллийг, итгэлцлийн сангийн хувьд төлбөр тооцоо гүйцэтгэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон өгөөж хүртэж байгаа этгээдийн талаарх мэдээллийг.
18.1.3."санхүүгийн байгууллага" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхойлсон банк, банк бус санхүүгийн, кастодиан, хадгаламж, хөрөнгө оруулалтын болон даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнээс бусад этгээдийг;
18.1.4."тал" гэж Хэлэлцээрт оролцогч талыг;
18.1.5."хэлэлцээр" гэж Монгол Улсаас бусад улстай байгуулсан татварын зорилгоор мэдээлэл солилцох, түүний дотор автоматаар мэдээлэл солилцох олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг;
18.1.6."хүсэлт" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд аль нэг тал нөгөө талдаа гаргасан өргөдлийг;
18.1.7."хүсэлт гаргагч улс" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд мэдээлэл авах хүсэлт гаргаж байгаа улсыг;
18.1.8."цахим мэдээлэл" гэж энэ хуулийн 18.13-т заасан цахим аргаар боловсруулж хадгалсан бичлэгийг;
18.1.9."эрх бүхий этгээд" гэж Монгол Улсын хувьд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл түүний томилсон эрх бүхий этгээд, гадаад улсын хувьд хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон хэлэлцэн тохирогч талын томилсон эрх бүхий этгээдийг;
18.1.10."эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээр" гэж энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн зүйл, заалтыг тайлбарлах, тодруулах зорилгоор хэлэлцэн тохирогч талуудын томилсон эрх бүхий этгээд хооронд байгуулсан хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээрийг.
18.2.Монгол Улсаас бусад улстай байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээд нь гадаад улсын эрх бүхий этгээдтэй зөвхөн татварын асуудлаар энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээлэл харилцан солилцоно.
18.3.Энэ хуулийн 18.1.9-д заасан эрх бүхий этгээд нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
18.3.1.энэ хуулийн 18.1.6-д заасан хүсэлтийг биелүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
18.3.1.а.аливаа этгээдээс тайлан, дансны мэдээллийг авах;
18.3.1.б.энэ хуулийн 18 дугаар зүйл болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл хүсэх этгээдэд холбогдох мэдээлэл болон нотлох баримтыг цуглуулан авч, хүргүүлэх;
18.3.1.в.баримт материалыг хүргүүлэх;
18.3.1.г.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан мэдээлэл харилцан солилцох болон гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээд нь энэ хуулийн 19, 20, 21, 22, 23, 24 дүгээр зүйлд заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх;
18.3.1.д.шаардлагатай бусад арга хэмжээ.
18.3.2.энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн дагуу хэлэлцэн тохирогч талуудтай татварын зорилгоор энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээлэл солилцох, мэдээлэл автоматаар солилцох, эрх бүхий этгээд хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх;
18.3.3.энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хүрээнд үүсэж болох зардлыг тодорхойлж, аливаа хүсэлттэй холбогдуулан гарах зардлыг тооцоолж тэнцвэртэй хуваарилах;
18.3.4.энэ хуулийн 18.1.5-д заасан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор бусад улсын эрх бүхий этгээдтэй эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээрийг байгуулж, тэдгээртэй хамтран ажиллах журмыг батлах;
18.3.5.энэ зүйлд заасан бусад чиг үүрэг.
18.4.Эрх бүхий этгээд нь тухайн улстай байгуулсан хэлэлцээрийн нөхцөлийн дагуу хүсэлт гаргагч улсад туслалцаа үзүүлж ажиллана.
18.5.Энэ хуулийн 18.1.6-д заасан хүсэлтийг хүлээн авсны дараа эрх бүхий этгээд энэ зүйл болон холбогдох хэлэлцээрт нийцүүлэн хүсэлтийг биелүүлнэ.
18.6.Эрх бүхий этгээд шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 18.1.7-д заасан хүсэлт гаргагч улсаас хүсэлтийн талаар нэмэлт мэдээлэл шаардаж болно.
18.7.Эрх бүхий этгээд нь хэлэлцэн тохирогч талын хүсэлтээр энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээлэл болон аливаа этгээд, санхүүгийн байгууллагын эзэмшил, хяналтад байгаа шаардлагатай бусад мэдээллийг татварын зорилгоор ашиглах эсэхээс үл хамаарч энэ хуульд заасан мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр санхүүгийн байгууллагаас авч, хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
18.8.Энэ хуулийн 18.7-д заасан мэдэгдэлд дараах мэдээллийг тусгаж болно:
18.8.1.мэдээлэл ирүүлэх хугацаа;
18.8.2.баримтын эх хувь, эсхүл түүний хуулбарыг авах эсэх талаар эрх бүхий этгээдээс шаардсан хэлбэр;
18.8.3.баримтыг албан ёсоор баталгаажуулах эсэх.
18.9.Эрх бүхий этгээдийн хүсэлтийг үндэслэн энэ хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг гэрчийн мэдүүлэг хэлбэрээр авч болно.
18.10.Энэ хуулийн 18.8.1-д заасан хугацаа хуанлийн 14 хоногоос хэтрэхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл эрх бүхий этгээд уг хугацааг өөрөөр тогтоож болно.
18.11.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 18.7-д заасан мэдээллийг хадгалж, хувилж, хуулбарлаж болно.
18.12.Хууль зүйн давуу байдлаар олж авсан мэдээллийг энэ хуулийн 18.7-д заасан мэдэгдлээр гаргуулахыг хориглоно.
18.13.Мэдэгдлийн хүрээнд авсан мэдээлэл цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол түүний агуулгыг өөрчлөлгүйгээр бичгэн хэлбэрт оруулж дахин боловсруулна.
18.14.Эрх бүхий этгээд ирүүлсэн хүсэлтийг холбогдох хэлэлцээрт нийцэхгүй болохыг тогтоосон бол хүсэлтээс татгалзаж, энэ талаар хүсэлт гаргагч улсад нэн даруй мэдэгдэнэ.
18.15.Хүсэлтээс татгалзсан бол эрх бүхий этгээд болон хүсэлт гаргагч улсын зүгээс холбогдох хэлэлцээрт заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ.
18.16.Баримт бичиг болон мэдэгдлийг холбогдох этгээдэд биечлэн, шуудангаар, эсхүл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хэлбэрээр хүргүүлж болно.
18.17.Эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээрийн хүрээнд мэдээлэл автоматаар солилцох зорилгоор эрх бүхий этгээд нь шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд, тодорхой хэлбэрт нийцүүлж ирүүлэхийг энэ хуулийн 18.1.3-т заасан байгууллагаас шаардаж болно.
18.18.Энэ хуулийн 18.17-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран дараах журмыг баталж, мөрдүүлж болно:
18.18.1.тайлан, мэдээлэл ирүүлэх шаардлагатай санхүүгийн байгууллагуудыг тодорхойлох;
18.18.2.тайлагнах шаардлагатай мэдээлэл, цахим мэдээллийн агуулга, загвар;
18.18.3.тайлагнах мэдээллийн иж бүрдэл, нарийвчлал зэргийг заасан стандарт;
18.18.4.мэдээлэл харилцан солилцох хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам;
18.18.5.мэдээллийн нууцлал, хадгалах үйл ажиллагааг зохицуулсан журам;
18.18.6.энэ хуулийн 18.15-д заасныг болон автоматаар мэдээлэл харилцан солилцохтой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн журам.
18.19.Татварын албаны мэдээллийн нууцлалтай холбоотой харилцаанд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтална.
18.20.Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй эсхүл хэрэгжүүлж байсан этгээд нь энэ хуулийн 18 дугаар зүйл болон хэлэлцээрийн хүрээнд олж авсан мэдээллийг нууцлах үүрэгтэй бөгөөд зөвхөн энэ хууль болон хэлэлцээрээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийг ашиглаж болно.
18.21.Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээдийн олж авсан мэдээллийг ашиглаж болно.
18.22.Энэ хуульд заасны дагуу мэдээллийг хүсэлтээр болон автоматаар солилцох зорилгоор нууц мэдээллийг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн бол уг үйлдэлтэй холбогдуулж мэдээлэл задруулсан үндэслэлээр бусад хуулиар хариуцлага хүлээлгэхгүй.
18.23.Энэ хуулийн 18.22-т заасны дагуу мэдээлэл өгч байгаа этгээдийн үйлдэл нь уг асуудлаар бусад этгээдтэй байгуулсан нууцлалын баталгааг зөрчсөн үйлдэл болохгүй бөгөөд энэ үйлдэлд тухайн этгээд болон түүний ажил олгогчид хариуцлага хүлээлгэхгүй.
18.24.Аливаа этгээд нь хууль зүйн давуу байдлаар олж авсан мэдээллээ бусдад задруулж иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдсон бол энэ хуулийн 18.22-т заасан хамгаалалтад хамаарахгүй.
18.25.Эрх бүхий этгээд, эсхүл түүний эрх олгосон этгээд нь энэ хуульд заасан албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэх явцад хийсэн үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирол учруулсан нь уг этгээдэд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
18.26.Энэ зүйлийн заалтууд нь бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа мэдээллийн нууцлалтай холбоотой хязгаарлалтаас үл хамааран давуу эрхтэй үйлчилнэ.
18.27.Энэ хууль болон хэлэлцээрийн заалтууд нь бусад хууль тогтоомжийн заалттай зөрчилдөж байгаа тохиолдолд энэ хууль болон хэлэлцээрийн заалтууд давуу эрхтэй үйлчилнэ.
ТАТВАРЫН НОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТАТВАР ХУРААХ ЗОРИЛГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ АЖИЛЛАГАА