22 дугаар зүйл. Үзлэг хийх
22.1.Татварын алба үзлэг хийхэд дараах журмыг баримтална:
22.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагчтай захирах, захирагдах ёсны харилцаагүй хөндлөнгийн гэрчийг байлцуулах;
22.1.2.үзлэгт хамрагдаж байгаа бичиг баримт, эд хөрөнгийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулах;
22.1.3.үзлэг явуулсан тухай тэмдэглэл үйлдэж оролцсон болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, хэрэв гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.
22.2.Үзлэгт хамрагдах зүйлийн өмчлөл, эзэмшлийн ялгааг үл харгалзан Татварын алба, татварын улсын байцаагч нь үзлэг хийх эрхтэй.
22.3.Татварын алба үзлэг хийх явцад татвар хураалт, хяналт шалгалтад ашиглах мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах эрхтэй.