21 дугаар зүйл. Мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах
21.1.Татварын алба мэдээ, мэдээлэл, баримт цуглуулахад дараах журмыг баримтална:
21.1.1.татварын албаны шаардсан мэдээ, мэдээлэл, баримтыг эх хувиар түр хугацаагаар гаргуулахдаа тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах;
21.1.2.шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээлэл, баримтыг хуулбарлах, гэрэл зураг, дүрс, дууны болон бусад бичлэгээр баримтжуулах;
21.1.3.тайлбар, лавлагааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргуулах, эсхүл ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах; Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.1.4.энэ хуулийн 21.1.1, 21.1.2, 21.1.3-т заасантай адилтгах бусад мэдээ, мэдээлэл, баримт гаргуулах.
21.2.Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна.
21.3.Энэ хуулийн 21.2-т заасан мэдээ, мэдээлэл, баримтыг хуулбарлах, баримтжуулахад бусдын техник хэрэгслийг ашигласан бол хөлсийг нь зах зээлийн, эсхүл харилцан тохиролцсон үнээр татварын алба төлнө.
21.4.Татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, хүний нөөц, техникийн үйлчилгээ, хоршсон үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашигласан үнэ, төлбөр, хураамж, гэрээ хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл, баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй.
21.5.Татварын алба мэдээ, мэдээлэл баримт цуглуулах зорилгоор татвар төлөгчтэй харилцаа бүхий гуравдагч этгээдээс дараах журмаар мэдээлэл гаргуулж болно:
21.5.1.мэдээлэл агуулж байгаа байр агуулах, баримт материал, компьютер зэрэгт бүрэн нэвтрэх;
21.5.2.мэдээлэл болон баримт бичгийг шаардах;
21.5.3.тодорхой газар болон хугацаанд мэдээлэл авахаар дуудан ирүүлэх.