20 дугаар зүйл. Байр, агуулахад нэвтрэн орох
20.1.Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээний газар, албан байр, агуулах, зооринд нэвтрэн орж, ажлын зураг авалт, үзлэг хийх, тооллого явуулах, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй.
20.2.Татварын улсын байцаагч мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах зорилгоор байр, агуулахаас гадна татвар төлөгчийн орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэн орох эрхтэй.
20.3.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг татвар төлөгчийн аль байр, агуулахад хийхийг удирдамжид тодорхой тусгаж харьяалах татварын албаны албан томилолтоор гүйцэтгэнэ.
20.4.Гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын байр, дархан эрх, эрх ямба бүхий албан тушаалтны ажлын байранд энэ хуулийн 20.1-д заасан ажиллагаа явуулахыг хориглоно.