28 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлт

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлт

28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.

28.2.Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ.

28.3.Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна.

28.4.Татвар төлөгч татвар ногдох эд хөрөнгө, эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болон шилжүүлж авсан тухай баримтыг шилжүүлсэн тухай бүрд татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй.

28.5.Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.

28.6.Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх үүргийг хуулиар хүлээсэн этгээдэд үүргээ гүйцэтгэснийх нь төлөө хөлс төлөхгүй.

28.7.Суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгана.

28.8.Татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр бүртгэж, ногдуулж, тайлагнаж, төлнө.

28.9.Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна.

28.10.Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.