27 дугаар зүйл. Харилцан хамааралтай этгээд
27.1.Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ:
27.1.1.татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагч, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү;
27.1.2.энэ хуулийн 6.1.8-д заасан группт хамаарах этгээд;
27.1.3.хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд;
27.1.4.ашиг, эсхүл татан буугдсаны дараах үлдэгдэл хөрөнгөөс 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар хүртэх эрхтэй этгээд;
27.1.5.хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг гуравдагч этгээд шууд болон шууд бусаар эзэмшдэг aж ахуйн нэгж;
27.1.6.ашиг, эсхүл татан буугдсаны дараах үлдэгдэл хөрөнгөөс 20 ба түүнээс дooшгүй хувийг гуравдагч этгээд шууд болон шууд бусаар хүртэх эрхтэй аж ахуйн нэгж;
27.1.7.энэ хуулийн 27.1.1-д заасан этгээдийн шууд болон шууд бус эзэмшил дэх энэ хуулийн 27.1.3, 27.1.4, 27.1.5, 27.1.6-д заасан харилцаа бүхий этгээд;
27.1.8.энэ хуулийн 27.1-д заасан этгээд, тэдгээрийг томилох эрхтэй этгээд, тэдгээрийн эрх, үүргийг шилжүүлэн хүлээж авсан этгээд, эсхүл тэдгээрийг төлөөлөхөөр сонгогдсон этгээд;
27.1.9.энэ хуулийн 27.1-д заасан этгээд болон харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжийн салбар, төлөөний газар зэрэг;
27.1.10.Монгол Улсад оршин суугч татвар төлөгчийн татвар ногдуулах орлогыг бууруулах, алдагдлыг өсгөх үндсэн зорилгоор харилцаа тогтоосон этгээд;
27.1.11.энэ хуулийн 27.1-д заасантай адилтгах бусад этгээд.
27.2.Хувь нийлүүлэгчид шууд болон шууд бусаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны шийдвэр гаргахад нэгдмэл байр суурьтай оролцохоор хэлцэл байгуулж, уг хэлцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг бол тухайн хувь нийлүүлэгч этгээдийг энэ хуулийн 27.1.3, 27.1.4, 27.1.5, 27.1.6-д заасан хувь, оролцооны хувьд нэг этгээд гэж үзнэ.
27.3.Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50 хувиас дээш байвал 100 хувийн оролцоотой гэж үзнэ.