26 дугаар зүйл. Татвар төлөгчийг бүртгэх нийтлэг журам
26.1.Энэ хуулийн 25.1-д заасан татвар төлөх үүрэг бүхий этгээдийг татварын алба татвар төлөгчөөр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
26.2.Татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээллийг үндэслэн шинээр байгуулагдсан, бүртгэгдсэн этгээдийг бүртгэн, татвар төлөгчийн дугаар, гэрчилгээ олгож хувийн хэргийг үүсгэнэ.
26.3.Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.4.Татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, түүний өөрчлөлт, энэ хуулийн 26.2, 26.3-т заасан мэдээллийг 7 хоногийн дотор татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрөө бүртгүүлэх, эсхүл татварын албанаас мэдэгдсэнээр мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.
26.5.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна.
26.6.Энэ хуулийн 26.3, 26.4-т заасан мэдээллийг татварын алба бусад хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн өөрчлөх шаардлагатай гэж үзвэл татвар төлөгчид мэдэгдэх бөгөөд татвар төлөгч энэ хуулийн 26.4-т заасан хугацаанд баталгаажуулна. Татвар төлөгч баталгаажуулаагүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн хувийн хэрэгт бүртгэх бөгөөд хяналт шалгалт хийх үндэслэл болно.
26.7.Татвар төлөгчийн бүртгэлийн журмыг татварын болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
26.8.Монгол Улсын хуулийн этгээд нь гадаад улсад байгуулсан салбар, төлөөлөгчийн болон төлөөний газрыг татварын албанд бүртгүүлэх үүрэгтэй.
26.9.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч Монгол Улсын иргэн нь гадаад улсад байгуулсан хуулийн этгээдийн нэр, хаягийг тухайн татварын жилд багтаан татварын албанд мэдэгдэх үүрэгтэй.
26.10.Ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээд өөрийн эцсийн эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албанд бүртгүүлнэ.
26.11.Ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч өөрийн эцсийн эзэмшигчийн өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор харьяалах татварын албанд бүртгүүлнэ.
26.12.Энэ хуулийн 26.11-д заасныг үл харгалзан, өөрийн болон эцсийн эзэмшигчийн хувьцаа гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагддаг бол ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч өөрийн эцсийн эзэмшигчийн өөрчлөлтийн тухай мэдээллийг татварын албанаас баталсан маягтын дагуу тухайн жилийн 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан, жилийн эцсийн мэдээллийг дараагийн татварын жилийн 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд бүртгүүлнэ.