32 дугаар зүйл. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

32.1.Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор мэдээллийн систем, технологийг ашиглах бөгөөд тэдгээрийн нууцлал, найдвартай байдлыг бүрэн хангаж ажиллана.

32.2.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан дараах зориулалттай байна:

32.2.1.татвар төлөгч болон татварын тайлан, ногдуулалт, төлөлт, татварын өрийг бүртгэх, хяналт тавих;

32.2.2.татварын хяналт шалгалтыг эрсдэлд үндэслэх;

32.2.3.татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;

32.2.4.татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах;

32.2.5.татвар төлөгчдөд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах;

32.2.6.татварын албаны үйл ажиллагаанд болон татвар төлөгчид учирч болох эрсдэлийг тодорхойлох;

32.2.7.татварын удирдлага, түүний дотор мэдээллийн удирдлагын зардлыг багасгах, хөнгөн шуурхай, үр ашигтай, ил тод тайлагналыг хангах.

32.3.Татварын алба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн бусад байгууллагын болон гадаад, дотоод мэдээллийн эх үүсвэрийг ашиглаж болно.

32.4.Татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг бүртгэх, баяжуулах, түүний аюулгүй байдал, мэдээлэл ашиглалтад хяналт тавьж ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.