33 дугаар зүйл. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх
33.1.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээлэл хамаарна:
33.1.1.татвар төлөгчийн бүртгэл, түүний өөрчлөлтийн мэдээлэл;
33.1.2.татвар, алданги, торгуулийн бүртгэл;
33.1.3.татварын тайлан, мэдээ, цахим төлбөрийн баримтын системийн мэдээлэл;
33.1.4.татварын улсын байцаагчийн үйлдсэн баримт бичиг, түүний биелэлтийн мэдээлэл;
33.1.5.татварын Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн мэдээлэл;
33.1.6.татварын зөрчил, маргааныг хянаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн мэдээлэл;
33.1.7.холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээлэл;
33.1.8.хууль, журмын дагуу төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээлэл;
33.1.9.хөндлөнгийн мэдээлэл;
33.1.10.татварын хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичиг;
33.1.11.татварын албаны хүний нөөц, төсөв, хөрөнгийн мэдээлэл;
33.1.12.татварын өр, өр барагдуулалт, хураалтын үйл ажиллагааны мэдээлэл.
33.2.Татварын алба нь энэ хуулийн 33.1.2-т заасан бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтлөх бөгөөд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, өрийг анхан шатны баримтад үндэслэн татварын бүртгэлд бүрэн тусгана.
33.3.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн мэдээллийг хадгалах, хамгаалах, ашиглах, ашиглалтад хяналт тавих журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
33.4.Бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмалыг үйлдвэрлэл, борлуулалт, импорт, экспортын үе шат бүрээр цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэг, гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ба бүртгэхтэй холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./