34 дугаар зүйл. Бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах

34.1.Татварын алба татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах бөгөөд энэ хуулийн 34.3, 34.4, 34.5, 34.6, 34.7, 34.8, 34.9, 34.10, 34.11, 34.12, 34.13, 34.14, 34.15, 34.16, 34.17, 34.18, 34.19, 34.20, 34.21, 34.22, 34.23, 34.24, 34.25, 34.26, 34.27, 34.28-д заасан байгууллага, албан тушаалтан татварын албанд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, татварын зорилгоор хамтран ажиллах үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.2.Байгууллага, албан тушаалтан татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн 34.3, 34.4, 34.5, 34.6, 34.7, 34.8, 34.9, 34.10, 34.11, 34.12, 34.13, 34.14, 34.15, 34.16, 34.17, 34.18, 34.19, 34.20, 34.21, 34.22, 34.23, 34.24, 34.25, 34.26, 34.27, 34.28-д заасан мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд хугацааг тусгайлан өөрөөр заагаагүй бол сар бүрийн 10-ны өдрийн дотор татварын албанд тогтмол мэдээлэх үүрэг хүлээнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага татвар төлөгчид хамааралтай санхүүгийн тайлангийн мэдээлэл, гадаадын санхүүжилттэй төсөл арга хэмжээ, төрийн сангийн зарцуулалтын мэдээлэл, зөвшөөрлийн мэдээллийг тухай бүр татварын албанд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.4.Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.4.1.татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;

34.4.2.татвар төлөгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллагад шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл өмнө нээсэн дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийлгэсэн бол энэ тухай мэдээллийг тухай бүр;

34.4.3.татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн. Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

34.5.Цагдаагийн байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.5.1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хүний эмзэг мэдээлэлд үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.5.2.галт зэвсэг эзэмшигчийн болон галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн, хасалтын талаарх мэдээлэл, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх, зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг;

34.5.3.гэрээт харуул хамгаалалтын тусгай зөвшөөрлийн мэдээллийг;

34.5.4.жолооч бэлтгэх авто сургууль, курсын болон жолоодох эрхийн бүртгэлийн мэдээллийг;

34.5.5.татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг.

34.6.Цагдаагийн байгууллага татвар төлөхөөс зугтаж, оргон зайлсан татвар төлөгчийн хаягийг тогтоох, эрэн сурвалжлахад татварын албатай хамтарч ажиллана.

34.7.Гаалийн байгууллага нь татвар төлөгчийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, тухайн татвар төлөгчийн экспорт, импортын үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг татварын албанд тухай бүр хүргүүлнэ.

34.8.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.8.1.Монгол Улсын иргэний улсын бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл;

34.8.2.Монгол Улсад бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын дэлгэрэнгүй бүртгэл, өөрчлөлттэй холбоотой мэдээлэл;

34.8.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл, өөрчлөлттэй холбоотой мэдээлэл.

34.9.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ.

34.10.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.10.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суугаа хаяг, Монгол Улсын хилээр орсон, гарсан хугацааны болон түүнийг урьсан этгээдийн мэдээлэл, мөн хөрөнгийн баталгааны мэдээллийг;

34.10.2.гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагын бүртгэл, өөрчлөлтийн талаарх мэдээллийг.

34.11.Төрийн захиргааны төв, орон нутгийн бусад байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ:

34.11.1.татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

34.11.2.хяналт шалгалт хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол уг мэдээллийг татварын албанд тухай бүр хүргүүлэх;

34.11.3.зөвшөөрлийн бүртгэл, өөрчлөлтийн мэдээлэл, нөөц хөрөнгө болон сангуудаас олгосон санхүүжилтийн мэдээллийг татварын албанд тухай бүр хүргүүлэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.11.4.татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай бусад мэдээллээр татварын албыг хангаж, хамтран ажиллах.

34.12.Хөрөнгийн бирж дараах мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.12.1.хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн тархалтын тухай мэдээлэл;

34.12.2.хувьцаат компанийн хувьцааны борлуулалтын талаарх мэдээлэл.

34.13.Санхүүгийн зохицуулах хороо дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.13.1.тус хорооноос олгож байгаа зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн бүртгэл, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг тухай бүр; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.13.2.үнэт цаасны арилжааны мэдээллийг тухай бүр;

34.13.3.тус хороонд бүртгэлтэй санхүүгийн зах зээлд ажиллах эрх бүхий иргэний бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл.

34.13.4.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг тухай бүр. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.14.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дараах мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.14.1.үнэт цаасны бүртгэл, өөрчлөлтийн болон төлбөр тооцооны мэдээлэл;

34.14.2.төвлөрсөн хадгаламжийн дансны өөрчлөлтийн мэдээлэл;

34.14.3.хувьцаат компаниудын ногдол ашгийн олголтын мэдээлэл.

34.15.Ашигт малтмал, газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.15.1.ашигт малтмал болон газрын тосны чиглэлээр холбогдох мэдээлэл;

34.15.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчтэй холбоотой болон стратегийн ач холбогдол бүхий ордын мэдээлэл.

34.16.Улсын хил хамгаалах байгууллага татварын албаны хүсэлтийн дагуу Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний талаарх мэдээллийг гаргаж, хүргүүлнэ.

34.17.Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ.

34.18.Автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татварын албаны автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажилд дэмжлэг үзүүлж, хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулна.

34.19.Монголбанк дараах мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.19.1.алт тушаалтын мэдээлэл, зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг тухай бүр;

34.19.2.мөнгө угаах гэмт хэрэг, түүнтэй холбогдох татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, татварын хууль тогтоомж зөрчихтэй холбоотойгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг татварын албатай байгуулах мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах гэрээний дагуу.

34.20.Сорьцын улсын хяналтын алба алт тушаалт болон бусад шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргаж хүргүүлнэ.

34.21.Нотариат болон гэрээ, хэлцлийг бүртгэх чиг үүрэг бүхий бусад этгээд татвар ногдох зүйлтэй холбоотой гэрээ, хэлцэл, гүйлгээ хийгдсэн талаарх мэдээллийг гаргаж татварын албанд хүргүүлнэ.

34.22.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага газрын төлбөр төлөгчийн, газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл, газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн болон газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулалттай холбоотой мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албатай харилцан мэдээлэл солилцоно.

34.23.Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг татварын албанд тухай бүр цахим хэлбэрээр хүргүүлнэ.

34.24.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг татварын албанд тухай бүр цахим хэлбэрээр хүргүүлнэ.

34.25.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ:

34.25.1.хуульд заасан чиг үүргийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, худалдан авах ажиллагаанд оролцсон хувь хүн, хуулийн этгээдийн мэдээлэл, төсөвт өртөг, гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээлэл;

34.25.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.

34.26.Барилга хот байгуулалт, газар, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.27.Төрийн байгууллага, төр, орон нутгийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд шаардлагатай мэдээллийг татварын албаны шаардсан даруйд гаргаж, хүргүүлнэ.

34.28.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТАТВАРЫН АЛБАНЫ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.