35 дугаар зүйл. Татварын албаны эрсдэлийн удирдлага
35.1.Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад татварын харилцаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, удирдах, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
35.2.Татварын алба нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:
35.2.1.Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд татварын алба өмнөө тавьсан зорилгодоо хүрэх, түүний хэрэгжилтийг хангахад хамгийн бага эрсдэлтэй байхад чиглэх;
35.2.2.эрсдэлийн удирдлага нь нэгдмэл, тасралтгүй байх;
35.2.3.эрсдэлийн удирдлага нь байгууллагын төлөвлөлт, шийдвэр гаргалтын нэг хэсэг болох;
35.2.4.эрсдэлийн удирдлага нь байгууллагын нөөцийн үр ашигтай зөв хуваарилалт, хэмнэлттэй байдлыг бий болгоход чиглэх.
35.3.Татварын албаны эрсдэлийн удирдлага гэж татварын харилцаанд оролцогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдэл, нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлон шинжлэх, шалтгаан нөхцөлийг нь тогтоох, үнэлэх, улмаар шийдвэрлэх оновчтой арга замыг сонгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн тасралтгүй, цогц үйл ажиллагааг хэлнэ.
35.4.Татварын алба нь эрсдэлийн удирдлагын арга хэмжээг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
35.4.1.нөхцөл байдлыг тодорхойлох;
35.4.2.эрсдэлийг тодорхойлж, бүртгэх;
35.4.3.эрсдэлийг үнэлэх, шинжлэх;
35.4.4.эрсдэлийг удирдах ба хяналтын арга хэмжээг тодорхойлох;
35.4.5.эрсдэлийн удирдлагын үйл явцыг хянах.
35.5.Татварын албаны эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь татварын хууль тогтоомжийн хүрээнд татварын албаны удирдлага, мэргэжил арга зүйн үйл ажиллагаанд ашиглагдах тооцооллын цахим системд тулгуурласан үйл ажиллагааны иж бүрдэл юм.
35.6.Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн хийнэ.
35.7.Эрсдэл тооцох шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, өөрчлөх, хүчингүй болгох талаар хэлэлцэх, татварын албаны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг удирдах, бууруулах, хэрэгжилтийг нь хянах, эрсдэлийн шинжилгээний үр дүнтэй танилцах ажлыг хэрэгжүүлэх, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Эрсдэлийн удирдлагын хороо ажиллана.
35.8.Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүдийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны даргын тушаалаар томилж, чөлөөлөх бөгөөд уг хороонд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна.
35.9.Эрсдэлийн үнэлгээ, шинжилгээнд ашиглагдах шалгуур үзүүлэлтийг татварын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох бөгөөд Эрсдэлийн удирдлагын хороогоор хэлэлцүүлсний үндсэн дээр, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
35.10.Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно.
35.11.Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.