41 дугаар зүйл. Татварын хяналт шалгалт
41.1.Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.
41.2.Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
41.3.Татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно.
41.4.Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.
41.5.Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
41.6.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан хяналт шалгалтын харьяаллыг тогтоож болно.
41.7.Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор татварын албанаас хэрэгжүүлэх дараах ажиллагаа энэ хуулийн 41.5-т хамаарахгүй:
41.7.1.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих;
41.7.2.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон эсэхэд хяналт тавих;
41.7.3.цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, олгох, илгээх, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавих.
41.8.Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална.
41.9.Татварын хяналт шалгалтыг хоёр болон түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ.
41.10.Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй:
41.10.1.татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах;
41.10.2.энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх;
41.10.3.татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах.
41.11.Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно:
41.11.1.энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх;
41.11.2.татварын улсын байцаагч татвартай холбогдсон эрүү, захиргааны хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцох.
41.12.Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна:
41.12.1.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах;
41.12.2.татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;
41.12.3.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах.
41.13.Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ.