40 дугаар зүйл. Үнэ шилжилтийн тохируулга хийх аргачлал

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Үнэ шилжилтийн тохируулга хийх аргачлал

40.1.Үнэ шилжилтийн тохируулга хийхэд дараах аргыг ашиглана:

40.1.1.харьцуулагдах бие даасан үнийн арга;

40.1.2.дамжуулан борлуулах үнийн арга;

40.1.3.өртөг дээр нэмэх арга;

40.1.4.ажил гүйлгээний цэвэр ашгийн арга;

40.1.5.ажил гүйлгээний ашиг хуваах арга;

40.1.6.энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан үнэ шилжилтийн ерөнхий зарчимд нийцсэн бусад арга.

40.2.Татварын алба энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан үнэ шилжилтийн тохируулгыг хийхдээ энэ хуулийн 40.1-д заасан аргаас хамгийн тохиромжтой гэж үзсэн аргыг ашиглах бөгөөд доор дурдсан нөхцөлийг харгалзан бодит үнэ тодорхойлох зарчимд үндэслэн тогтооно:

40.2.1.хяналтад байгаа ажил гүйлгээний онцлог;

40.2.2.энэ хуулийн 37.3-т заасан нөхцөл;

40.2.3.бие даасан гүйлгээтэй харьцуулж болохуйц бодит мэдээлэл, нөхцөл;

40.2.4.хяналтад байгаа болон бие даасан ажил гүйлгээний харьцуулагдах түвшин.

40.3.Хяналтад байгаа ажил гүйлгээнд тохируулга хийх аргыг сонгоход уг аргын давуу болон сул талыг харьцуулах замаар энэ хуулийн 40.1-д заасан аргыг дангаар, эсхүл хослуулж ашиглана.

40.4.Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40.5.Татварын хууль тогтоомж болон энэ хуулийн 40.4-т заасан журмаар зохицуулаагүй, энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичигтэй зөрчилдөөгүй тохиолдолд татварын алба үнэ шилжилтийн тохируулга хийхдээ "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан Үнэ шилжилтийн зөвлөмж"-ийг ашиглаж болно.

40.6.Татвар төлөгч нь үл мэдээлэгч улсын жагсаалтад байгаа улсын хуулийн этгээдтэй хяналтад байгаа ажил гүйлгээг хийж гүйцэтгэсэн, эсхүл энэ хуулийн 39.1-д заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэ шилжилтийн тайланг буруу мэдээлсэн тохиолдолд татварын алба дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

40.6.1.татвар төлөгчтэй харьцуулагдах өөр бусад татвар төлөгчийн нээлттэй мэдээлэлд үндэслэн, эсхүл татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас сонгож харьцуулах замаар нөхөн ногдуулалт хийх;

40.6.2.татвар төлөгчийн мэдээллийг задруулахгүйгээр түүний ажил гүйлгээний үнийг харьцуулалт хийх зорилгоор авч болох бөгөөд энэ тохиолдолд уг этгээдийн мэдээллийг нууцална.

40.7.Энэ хуулийн 40.6-д заасан үл мэдээлэгч улс, бүс нутгийн жагсаалтад Монгол Улстай татварын зорилгоор мэдээлэл солилцдоггүй болон эрсдэлтэй татварын тогтолцоотой улс, бүс нутгийг хамруулах бөгөөд энэхүү жагсаалтыг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор, жагсаалтад өөрчлөлт орсон бол ажлын 10 өдрийн дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаараа нийтэд мэдээлнэ.

ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.