46 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл
46.1.Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид "Маргаан таслах зөвлөл" гэх/ ажиллана.
46.2.Маргаан таслах зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдэнэ.
46.3.Энэ хуулийн 46.1-д заасны дагуу татвар төлөгчийн гаргасан гомдлыг харьяаллын дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл тус тус шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.4.Маргаан таслах зөвлөл нь ес, эсхүл 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.
46.5.Маргаан таслах зөвлөлийг тухайн байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна:
46.5.1.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл;
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.5.2.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд татварын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл.
46.6.Маргаан таслах зөвлөлийн гишүүн нь нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, эсхүл эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан туршлагатай байна.
46.7.Маргаан таслах зөвлөлийн дэргэд татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор татварын асуудлаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий хараат бус магадлагч ажиллах бөгөөд магадлагч нь тухайн шатны татварын албаны дарга томилсон татварын улсын байцаагчийн эрхтэй этгээд байна.
46.8.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь татварын улсын байцаагчийн эрхтэй байх бөгөөд түүнийг Маргаан таслах зөвлөлийн даргын санал болгосноор тухайн шатны татварын албаны дарга томилно.
46.9.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн болон даргыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн болон даргыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./