47 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх
47.1.Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй.
47.2.Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
47.3.Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.
47.4.Маргаан таслах зөвлөл, шүүх татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг ханган эцэслэн шийдвэрлэсний үр дүнд энэ хуулийн 47.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
47.5.Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ:
47.5.1.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл;
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
47.5.2.том татвар төлөгч хариуцсан нэгжид харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл.
47.6.Маргаан таслах зөвлөл нь холбогдох татварын акт, ирүүлсэн гомдол, хүсэлт болон бусад баримт бичиг, мэдээллийг хянаж, 3 хоногийн дотор харьяаллыг тогтоож, харьяаллын бус бол маргааныг холбогдох Маргаан таслах зөвлөлд энэ хуулийн 47.5-т заасан харьяаллын дагуу шилжүүлнэ.
47.7.Маргаан таслах зөвлөлийн хуралдаан нь бүх гишүүний гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдоно.
47.8.Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
47.9.Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана.
47.10.Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
47.11.Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно:
47.11.1.илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх;
47.11.2.гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн.
47.12.Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.
47.13.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь маргаан таслах зөвлөлийн хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн үндэслэлийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтөлж, зөвлөлийн шийдвэрийг татвар төлөгч, татварын улсын байцаагч, магадлагч зэрэг хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хувийн мэдээллийг таних боломжгүйгээр цахим хуудсаар мэдээлнэ.
47.14.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, татварын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, татварын албанд хүргүүлэх эрхтэй.
47.15.Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна.
47.16.Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 47.15-д заасан шийдвэр гаргах хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
47.17.Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан татвар төлөгч нь энэ хуулийн 47.15, 47.16-д заасан хугацаанд магадлагч татварын улсын байцаагчийн шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэнэ.
47.18.Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө.
47.19.Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.
47.20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасантай адилтгах шалтгаанаар Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол татварын актыг хэлэлцэхийг түдгэлзүүлж болно.
Тайлбар: "тооцооны алдаа" гэж татварын актад бичигдсэн тоон илэрхийллийг арифметик, оронгийн гэх мэт илт тооцооны алдаа гаргасан байхыг ойлгоно.
ТАТВАРЫН НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТ, ТАТВАРЫН ӨР