56 дугаар зүйл. Татварын давуу эрхийн зарчим

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Татварын давуу эрхийн зарчим

56.1.Энэ хуулийн 56.2, 56.3, 56.4, 56.5, 56.6, 56.7-д зааснаас бусад тохиолдолд татварыг аливаа авлагаас түрүүлж гаргуулна.

56.2.Татвар төлөгчийн хөрөнгөд энэ хуулийн 6.1.4-т заасан албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж, хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлсэн тохиолдолд тухайн мөнгөн хөрөнгөөс татварын алба татварын өрийг гаргуулах хүсэлт гаргасан бол татварын өрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дараалал үл харгалзан тухайн үйл ажиллагааны зардлын дараа хураана.

56.3.Татвар төлөгчийн хөрөнгийг татварын өр хураах үйл ажиллагааны дагуу мөнгөн хэлбэрт шилжүүлсэн бол тухайн мөнгөн хөрөнгөөс татвар хураах шууд зардлыг энэ хуулийн 56.4, 56.5.3, 56.6, 56.7-д заасныг үл харгалзан бусад татвар болон авлагаас түрүүлж хураана.

56.4.Онцгой албан татвар болон автобензин, дизелийн түлшний албан татвар ногдох зүйлийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу мөнгөн хэлбэрт шилжүүлсэн бол тухайн мөнгөн хөрөнгөөс шилжүүлгийн дүнд үүссэн онцгой албан татвар, автобензин, дизелийн түлшний албан татварыг энэ хуулийн 56.5, 56.6, 56.7-д заасныг үл харгалзан бусад татвар болон авлагаас түрүүлж хураана.

56.5.Татварын өр хураах үйл ажиллагаагаар хийсэн битүүмжлэлд хамаарах хоёр болон түүнээс дээш татварын албанд бүртгэлтэй татвар төлөгчийн татварын өрийг дараах байдлаар хураана:

56.5.1.тухайн татварын өрийг хураах зорилгоор хөрөнгө битүүмжилсэн бол битүүмжлэлд хамаарах татварыг суутгуулах хүсэлт гаргасан бусад татварын өрөөс түрүүлж;

56.5.2.хэд хэдэн суутгуулах хүсэлт гаргасан татварын өрийн хувьд хүсэлт гаргасан дарааллаар татварын өрийг түрүүлж;

56.5.3.татвар төлөгч татвар төлөх хугацааг хөнгөлүүлж, хөрөнгө барьцаалсан бол энэ хуулийн 56.5.1, 56.5.2-т заасныг үл харгалзан барьцаанд хамаарах татварыг бусад татварын өрөөс түрүүлж.

56.6.Татвар төлөгчийн барьцаа, ипотекийн барьцаа зэрэг гуравдагч этгээдээс давуу эрхтэйгээр шаардах эрхтэй хөрөнгөөс татварын өрийг гаргуулах тохиолдолд татварын өрийг эдгээр авлагын дараа хураана.

56.7.Бүртгүүлэх боломжгүй барьцаа, эсхүл бүртгэл хийгдээгүй ч түрүүлж авах шаардах эрхийн хувьд албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад нотолсон тохиолдолд энэ хуулийн 56.6-д заасан давуу эрх үйлчилнэ.

56.8.Энэ хуулийн 56.7-д заасан этгээд нь баримт нотолгоо гаргаагүй бол энэ хуульд заасан давуу эрхийг эдлэхгүй.

56.9.Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах, тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой бол энэ хуульд заасныг үл харгалзан татвар, авлагаас түрүүлж уг хохирлыг барагдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.