6 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
6.1.Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
6.1.1."ажил гүйлгээний ашиг хуваах арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний ашгийг тухайн ажил гүйлгээнд оролцсон харилцан хамаарал бүхий талуудад эдийн засгийн үндэслэлтэй хуваарилж, түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;
6.1.2."ажил гүйлгээний цэвэр ашгийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний цэвэр ашгийн түвшний үзүүлэлтүүдийг түүнтэй харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний цэвэр ашгийн түвшний үзүүлэлтүүдтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;
6.1.3."ажлын өдөр" гэж долоо хоногийн Бямба, Ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдрөөс бусад өдрийг;
6.1.4."албадан гүйцэтгэх ажиллагаа" гэж шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, барьцааны эрхээс барьцаа гаргуулах, татвар төлөгчтэй холбоотой дампуурлын хэрэг үүсгэх, татварын өр хураах үйл ажиллагааг;
6.1.5."албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;
6.1.6."бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг;
6.1.7."үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;
6.1.8."групп" гэж санхүүгийн тайлагналын зорилгоор нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, эсхүл аль нэг аж ахуйн нэгжийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдах үед нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, өмчлөл болон удирдлагын хувьд хамааралтай аж ахуйн нэгжүүдийг;
6.1.9."дамжуулан борлуулах үнийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний нийт ашгийн түвшинг түүнтэй борлуулалтын орлогын хувьд харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний нийт ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;
6.1.10."дотоод харьцуулалт хийх ажил гүйлгээ" гэж татвар төлөгчийн харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйлгээ болон бие даасан этгээдтэй хийсэн ажил гүйлгээг;
6.1.11."жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг;
6.1.12."итгэмжлэгдсэн төлөөлөгч" гэж татвар төлөгчийн эрх ашгийг итгэмжлэл болон гэрээний үндсэн дээр төлөөлж, татварын албатай харилцах эрх, үүрэг бүхий итгэмжлэгдсэн этгээдийг;
6.1.13."нөхөн ногдуулалт" гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг;
6.1.14."нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;
6.1.15."нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг;
6.1.16."оршин суугчийн гэрчилгээ" гэж татвар төлөгчийг тухайн татварын жилд тус улсын оршин суугч татвар төлөгч мөн болохыг нотолж тухайн улсын татварын албанаас тогтсон загварын дагуу үйлдсэн баримт бичгийг;
6.1.17."өртөг дээр нэмэх арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний нийт ашгийн түвшинг түүнтэй зардлын бүтцийн хувьд харьцуулагдах бие даасан ажил гүйлгээний нийт ашгийн түвшинтэй харьцуулан тухайн хяналтад байгаа ажил гүйлгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг;
6.1.18."татварын схем" гэж татварын ашиг хүртэх үндсэн зорилгоор хэрэгжүүлэх татвараас зайлсхийх үйл ажиллагааг;
6.1.19."суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг;
6.1.20."татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөхүүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг;
6.1.21."татвар төлөгчийн гэрчилгээ" гэж татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас татвар төлөгчид олгосон, татвар төлөгчийн дугаартай, татварын төрлийн мэдээллийг тусгасан тусгай нууцлалын кодоор баталгаажсан, цахим болон цаасан баримт бичгийг;
6.1.22."татвар төлөгчийн дугаар" гэж татварын албанаас татвар төлөгчид олгосон татвар төлөгчийн бүртгэлийн нэгдсэн системийн дахин давтагдашгүй дугаарыг;
6.1.23."татвар төлөхөөс зугтах" гэж татвар төлөгч татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл нуух зорилгоор татварын хууль тогтоомж зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг;
6.1.24."татвараас зайлсхийх" гэж татварын ногдлыг бууруулах, татварын суурь багасгах, эсхүл алдагдлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөлийг бүрдүүлж байгаа татвар төлөгчийн үйлдлийг;
6.1.25.“татварын алба” гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтэс, сум, тосгоны татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг;
/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
6.1.26."татварын акт" гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг;
6.1.27."татварын буцаан олголтын акт" гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг;
6.1.28."татварын жил" гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг;
6.1.29."татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг;
6.1.30."татварын улсын байцаагч" гэж энэ хуулийн дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, татвар төлөгчид үйлчлэх, татвар хураах, тайлан хүлээн авах, хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий татварын албанд ажилладаг, эрх олгогдсон төрийн захиргааны албан хаагчийг;
6.1.31."татварын өр хураах зардал" гэж татварын өр барагдуулах үйл ажиллагаанд хамаарах хөрөнгийн битүүмжлэл, суутгалын хүсэлт, битүүмжилсэн хөрөнгийн хадгалалт, тээвэрлэлт, дуудлага худалдаа явуулах, үнэт цаас болон биет бус хөрөнгийн эрхийг хураах, хуваарилахтай холбоотой гарсан зардлыг;
6.1.32."татварын хялбаршуулсан горим" гэж татварын бүртгэл, ногдуулалт, хувь хэмжээ, тайлагнал, төлөлтийн тусгайлсан үйл ажиллагааны нийлбэр цогцыг;
6.1.33."татварын суурь" гэж тодорхой дүн, эсхүл хувиар татварын ногдлыг тодорхойлох орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдлыг мөнгөөр илэрхийлсэн дүн, эсхүл биет нэгжийг;
6.1.34."татварын цахим баримт бичиг" гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан, цахим гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг;
6.1.35."тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл" гэж төлөх татварын хэмжээг багасгах, татвар төлөхөөс зайлсхийх болон татвар төлөх хугацааг хойшлуулсан ажил гүйлгээ хийх, төлөвлөн гүйцэтгэх татвар төлөгчийн үйлдлийг;
6.1.36."төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;
6.1.37."харьцуулагдах байдлын шинжилгээ" гэж харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний нөхцөлийг харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөлтэй харьцуулан ялгаатай хүчин зүйлсийн нөлөө, зөрүүг арилгаж үнэн зөв залруулга хийх шинжилгээний аргыг;
6.1.38."харьцуулагдах бие даасан үнийн арга" гэж хяналтад байгаа ажил гүйлгээний үнэ болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг түүнтэй харьцуулагдах, бие даасан ажил гүйлгээний үнэ болон үнэд нөлөөлөгч хүчин зүйлстэй харьцуулан тодорхойлохыг;
6.1.39."хураагч" гэж татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалт хийх, хяналт шалгалт хийхээс бусад чиг үүргийг хэрэгжүүлж байгаа татварын албаны ажилтныг;
6.1.40."хураамж" гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг;
6.1.41."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж:
6.1.41.a.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;
6.1.41.б.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;
6.1.41.в.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;
6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;
6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг;
6.1.42."хяналтад байгаа ажил гүйлгээ" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг;
6.1.43."бие даасан ажил гүйлгээ" гэж харилцан хамааралгүй этгээд хооронд хийсэн ажил гүйлгээг;
6.1.44."цахим гарын үсэг" гэж Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2-т заасныг;
6.1.45."эдийн засгийн өгөөж олох" гэж үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, зардал хэмнэх, хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал, хугацааг багасгах замаар ашиг буюу ашигт ажиллагааг дээшлүүлсэн байхыг;
6.1.46."эсэргүүцэл үзүүлсэн" гэж татварын улсын байцаагч, хураагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, айлгасан, сүрдүүлсэн санаатай үйлдэл, эс үйлдлийг;
6.1.47."этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг;
6.1.48."эцсийн эзэмшигч" гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг.
6.1.49.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.50.“тогтворжуулах татварын орчин” гэж татварын хувь, хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг. /Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ТАТВАР