13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага

13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:

13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;

13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх;

13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх;

13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:

13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;

13.1.4.б.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал.

13.1.5.зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна:

13.2.1.албан татвар, төлбөр, хураамж нь төсөвт төлөхөөр тайлагнасан байх;

13.2.2.албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх;

13.2.3.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөд хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн хөрөнгө хамаарахгүй байх;

13.2.4.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал нь холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байх;

13.2.5.ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.6.Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;

13.2.7.Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;

13.2.8.урсгал засварын зардал нь сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцох;

13.2.9.цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, түүнтэй адилтгах орлогод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;

13.2.10.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;

13.2.11.хүүгийн зардлын хувьд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон байх;

13.2.12.албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.

13.3.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцно.

13.4.Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрээлэгчийн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардалд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцно.

13.5.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг энэ хуулийн 26.9, 26.10, 26.11, 26.12, 26.13-т заасны дагуу тайлан тус бүрээр тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.