24 дугаар зүйл. Албан татварыг суутган төлөх
24.1.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.4, 18.6.5, 18.6.7, 18.6.8-д заасан орлогод ногдох албан татварыг суутган төлөгч ногдуулж, суутгана.
24.2.Энэ хуулийн 18.6.6-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг төлөөний газар ногдуулж, суутгана.
24.3.Энэ хуулийн 5.5.1-д заасан татвар төлөгч өөрийн төлөөний газрын үйл ажиллагаатай холбогдох орлогыг Монгол Улсад байрладаггүй этгээдэд шилжүүлсэн тохиолдолд тухайн төлөөний газар холбогдох албан татварыг ногдуулж, суутгана.
24.4.Энэ хуулийн дагуу суутган төлөгчийг тодорхойлох боломжгүй тохиолдолд албан татвар ногдуулах орлого олсон этгээд нь албан татварыг өөрөө тодорхойлж ногдуулна.
24.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд суутган, төсөвт төлж тайлагнана. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
24.6.Суутган ногдуулсан албан татварыг ажлын 10 өдрийн дотор төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "24.6" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./