23 дугаар зүйл. Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох
23.1.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно.
23.2.Дараах тохиолдолд гадаад улсад төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй:
23.2.1.гадаад улсад ногдуулан төлсөн боловч буцаан авах боломжтой;
23.2.2.гадаад улсад ногдуулан төлсөн албан татварын хүү, торгууль, алданги;
23.2.3.Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар ногдуулахгүй орлогод ногдуулан төлсөн албан татвар.
23.3.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг дараах шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцно:
23.3.1.албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татварын дүн;
23.3.2.гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар ногдох орлогод Монгол Улсын татварын хуулийн дагуу ногдуулсан тохиолдолд төлбөл зохих албан татварын дүн.
23.4.Энэ хуулийн 23.3.2-т заасан дүнг тухайн татварын жилд албан татвар төлөгчийн албан татвар ногдуулан төлсөн гадаад улс бүрээр тусад нь тооцно.
23.5.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар тухайн албан татвар төлөгчийн Монгол Улсад төлбөл зохих албан татварын дүнгээс илүү гарсан татварыг буцаан олгохгүй бөгөөд цаашид шилжүүлэн тооцохгүй.
23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг баталгаажуулахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагад тайлагнасан татварын тайлан, татварын ногдол, төлөлтийг нотолсон тус байгууллагын албан бичиг, тус байгууллагын үйлдсэн татвар төлснийг нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэнэ.
23.7.Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг харьяалах татварын алба баталгаажуулна.
23.8.Энэ хуулийн 23.1-д заасан гадаад улстай Монгол Улсын татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой байх бөгөөд эдгээр улсуудын жагсаалтыг жил бүрийн сүүлийн улиралд, жагсаалтад өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 10 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинэчлэн зарлана.
23.9.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлсэн аж ахуйн нэгж энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад ногдуулсан албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.
23.10.Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах хүсэлт гаргах, тооцооны маягтын загвар батлах, баталгаажуулах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
АЛБАН ТАТВАР СУУТГАХ, ТӨСӨВТ ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ, БУЦААН ОЛГОХ