22 дугаар зүйл. Албан татварын хөнгөлөлт
22.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:
22.1.1.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
22.1.2.согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
22.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно.
22.3.Энэ хуулийн 20.2.7, 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно.
22.4.Энэ хуулийн 20.2.7, 22.1-д заасны дагуу албан татвар төлж, тайлагнах аж ахуйн нэгж энэ хуулийн 22.5-д заасан хөнгөлөлтийг эдлэхгүй.
22.5.Дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:
22.5.1.аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, хот, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 90 хувиар; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
22.5.2.нийт 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн ажиллагчдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох тухайн төрлийн албан татварыг;
22.5.3.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд ээлтэй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогод ногдох албан татварыг;
22.5.4.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.5.5.Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2-т заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.6.хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг;
22.5.7.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.8.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.9.тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг;
22.5.10.доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар:
22.5.10.а.үр тариа, төмс, хүнсний ногоо;
22.5.10.б.сүү;
22.5.10.в.жимс, жимсгэнэ;
22.5.10.г.тэжээл, тэжээлийн ургамал;
22.5.10.д.эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн.
22.5.11.албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.5.12.Аялал жуулчлалын тухай хуулийн 6.2.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө./
22.5.13.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд гарааны компанийн Аялал жуулчлалын тухай хуулийн 5.2.3-т заасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
22.5.14.цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.5.15.oрон нутагт шинээр барьсан нийтийн зориулалттай орон сууц борлуулсны орлогод ногдох албан татварыг нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Дархан-Уул болон Орхон аймгийн төвийн сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 50 хувиар, 2027-2029 онд 20 хувиар, эдгээрээс бусад аймаг, сумын хилийн цэсийн дотор 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.5.16.нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон аймаг, сумын хилийн цэсийн дотор баригдсан нийтийн зориулалттай орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар; /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.5.17.дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар. /Энэ заалтыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.5.18.гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын тухайн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувиар; /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
22.5.19.гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
22.5.20.Органик бүтээгдэхүүний тухай хуулийн 4.1.2-т заасан органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.5.21.соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн үндсэн үйл ажиллагаанд ногдох орлогын албан татварыг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах эхний 3 жилд 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.5.22.албан татвар төлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаанд 90 хувиар. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./
22.6.Энэ хуулийн 22.5.3, 22.5.4, 22.5.13-т заасан техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.7.Тайлант хугацаанд албан татварын хөнгөлөлтийг тухайн орлогод ногдуулан энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй.
22.8.Энэ хуулийн 22.5.1-д дараах салбар хамаарахгүй:
22.8.1.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа;
22.8.2.согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох;
22.8.3.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох;
22.8.4.газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах;
22.8.5.ярианы үйлчилгээ эрхлэх;
22.8.6.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх;
22.8.7.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;
22.8.8.авто зам, замын байгууламжийг барих, засварлах.
22.9.Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна: /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.1.ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.2.ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
/Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.4.нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.5.давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас хохирол барагдуулах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.//2024-08-30 нэмэлт өөрчлөлт оруулсан /
22.9.6.спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо,Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./ /Энэ заалтад 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.9.7.Монгол Улсын Засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.8.их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.9.төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.10.Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа. /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.9.11.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагаа. /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө./
22.10.Энэ хуулийн 22.9.1-д заасан нөхөн сэргээх зардалд энэ хуулийн 13.4, 22.5.9-д зааснаас бусад нөхөн сэргээх зардал хамаарна. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.11.Энэ хуулийн 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.12.Энэ хуулийн 22.9-д заасан хөнгөлөлтөд хамаарах зардал нь энэ хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан шаардлагыг хангасан байна. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.13.Энэ хуулийн 22.9-д заасан хөнгөлөлтөд хамаарах хөрөнгө оруулалт, зардлыг татварын албанаас баталсан маягтын дагуу энэ хуулийн 26.1, 26.2-т заасан тайланд хавсаргаж тайлагнана. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө./
22.14.Энэ хуулийн 22.5.22-т заасан хөнгөлөлтийг мөн хуулийн 22.1, 22.5-д заасан үйл ажиллагааны орлогод үзүүлэх хөнгөлөлттэй давхардуулан эдлэхгүй. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./
22.15.Энэ хуулийн 22.5.22-т заасан импортыг орлох, экспортыг дэмжих салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батална. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө./