27 дугаар зүйл. Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан гаргах
27.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
27.1.1."Групп" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.8-д заасныг;
27.1.2."Группийн оролцогч" гэж дараах нөхцөлийн аль нэгийг хангасан этгээдийг:
27.1.2.а.үндэстэн дамнасан группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг, эсхүл группийн бүрэлдэхүүн дэх аж ахуйн нэгжийн хувьцаа хөрөнгийн биржээр нээлттэй худалдагдах үед нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг;
27.1.2.б.өөрийн үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлоосоо шалтгаалан үндэстэн дамнасан группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд хамаардаггүй;
27.1.2.в.санхүү болон татварын тайлагнал, дотоод удирдлага, зохион байгуулалт, хяналтын зорилгоор бие даан санхүүгийн тайлан гаргадаг, энэ хуулийн 27.1.2.а, 27.1.2.б-д заасан аж ахуйн нэгжийн төлөөний газрыг.
27.1.3."нэгтгэсэн санхүүгийн тайлан" гэж үндэстэн дамнасан группийн оролцогчдын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага болон мөнгөн урсгал зэрэг мэдээллүүдийг нэгтгэн, нэг аж ахуйн нэгжийн нэгэн адил нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу боловсруулсан санхүүгийн тайланг;
27.1.4."Олон улсын татварын хэлэлцээр" гэж татварын зорилгоор мэдээлэл солилцох тухай Монгол Улсын бусад улстай байгуулсан татварын хэлэлцээр, татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх зорилго бүхий олон улсын гэрээ, эсхүл хоёр улсын хооронд автоматаар болон хүсэлтээр мэдээлэл харилцан солилцох асуудлыг тусгасан олон улсын гэрээг;
27.1.5."системийн саатал" гэж эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээрт заасан үүргийг хэлэлцээрт зааснаас бусад шалтгаанаар хэрэгжүүлэхээс түдгэлзсэн, эсхүл Монгол Улсад байрладаг группийн оролцогч группийн улс бүрээр үнэ шилжилтийн тайлан /цаашид "улс бүрээр тайлан" гэх/-г Монгол Улсад тогтмол ирүүлээгүй нөхцөл байдлыг;
27.1.6."тайлагнах үүрэггүй үндэстэн дамнасан групп" гэж группийн нэгтгэсэн санхүүгийн тайлангаар 750 сая евротой тэнцэх төгрөгөөс доош борлуулалтын орлого олсон үндэстэн дамнасан группийг; /Энэ хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.1.7."тайлагнагч этгээд" гэж үндэстэн дамнасан группийн өмнөөс улс бүрээр тайлан гаргах үүрэгтэй группийн оролцогчийг ойлгох бөгөөд үндэстэн дамнасан группийн толгой этгээд, томилогдсон тайлагнагч этгээд, эсхүл энэ хуулийн 27.2.2-т заасан этгээдийг;
27.1.8."томилогдсон тайлагнагч этгээд" гэж энэ хуулийн 27.2.2-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн нэрийн өмнөөс улс бүрээр тайлан гаргах зорилгоор томилогдсон группийн оролцогчийг;
27.1.9."үндэстэн дамнасан групп" гэж дараах нөхцөлийн аль нэгийг хангасан группийг:
27.1.9.а.группийн хоёр ба түүнээс дээш оролцогч нь татварын зорилгоор өөр улс, бүс нутагт байрладаг, эсхүл группийн оролцогч өөрийн төлөөний газраар дамжуулан өөр улс, бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг;
27.1.9.б.тайлагнах үүрэггүй энэ хуулийн 27.1.6-д заасан группээс бусад.
27.1.10."үндэстэн дамнасан группийн санхүүгийн жил" гэж үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн санхүүгийн тайлан хамрах хугацааг;
27.1.11."үндэстэн дамнасан группийн тайлагнах санхүүгийн жил" гэж улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн хамрах хугацааг;
27.1.12."үндэстэн дамнасан группийн толгой этгээд" гэж дараах шаардлагыг хангасан группийн оролцогчийг:
27.1.12.а.үндэстэн дамнасан группийн нэг буюу түүнээс дээш оролцогчдыг шууд болон шууд бусаар голлон эзэмшдэг бөгөөд татварын зорилгоор байрладаг улс, бүс нутагтаа группийн нэгтгэсэн санхүүгийн тайланг тушаах үүрэгтэй, эсхүл группийн оролцогчийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдах үед нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй;
27.1.12.б.энэ хуулийн 27.1.12.а-д зааснаас бусад группийн оролцогч шууд болон шууд бусаар группийн нэг буюу түүнээс дээш оролцогчдыг голлон эзэмшдэггүй;
27.1.13."Эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээр" гэж доор дурдсаныг ойлгох:
27.1.13.а.олон улсын татварын хэлэлцээрийн талуудаас томилсон эрх бүхий этгээд хооронд байгуулах хэлэлцээр;
27.1.13.б.улс бүрээр тайлан харилцан солилцох үүрэг хүлээлгэсэн хэлэлцээр.
27.2.Дараах албан татвар төлөгч улс бүрээр тайланг үндэстэн дамнасан группийн санхүүгийн жилийн сүүлийн өдрөөс хойш 12 сарын хугацаанд багтаан харьяалах татварын албанд хүргүүлнэ:
27.2.1.Монгол Улсад татварын зорилгоор байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд;
27.2.2.доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд татварын зорилгоор Монгол Улсад байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд бус группийн оролцогч:
27.2.2.а.үндэстэн дамнасан группийн толгой этгээд нь татварын зорилгоор байрладаг улс, бүс нутгийн хуулийн дагуу улс бүрээр тайлан боловсруулах, тайлагнах үүрэг хүлээдэггүй;
27.2.2.б.үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутаг нь Монгол Улстай олон улсын татварын хэлэлцээр байгуулсан боловч энэ хуулийн 27.2-т заасан хугацаанд эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээр байгуулагдаагүй;
27.2.2.в.үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутагт системийн саатал гарсныг харьяалах татварын алба Монгол Улсад байрладаг үндэстэн дамнасан группийн оролцогч этгээдэд мэдэгдсэн.
27.2.3.энэ хуулийн 27.2.2-т зааснаар хоёр ба түүнээс дээш үндэстэн дамнасан группийн оролцогч улс бүрээр тайлан гаргах үүрэг хүлээх тохиолдолд тэдгээрийн харьяалагдах үндэстэн дамнасан группийн толгой этгээд аль нэг этгээдийг тайлагнагч этгээдээр сонгож болох бөгөөд сонгогдсон тохиолдолд тухайн сонгогдсон оролцогч этгээд.
27.3.Энэ хуулийн 27.2.3-т заасны дагуу сонгосон бол энэ тухайгаа сонгогдсон оролцогч этгээд харьяалах татварын албанд тухайн жилийн эцсийн татварын тайлан хүргүүлэх хугацаанд багтаан мэдэгдэж, бүртгүүлнэ.
27.4.Энэ хуулийн 27.2.2-т заасныг үл харгалзан, дараах нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд Монгол Улсад татварын зорилгоор байрладаг группийн оролцогч этгээд нь харьяалах татварын албанд улс бүрээр тайлан гаргахгүй:
27.4.1.энэ хуулийн 27.2.2.а, 27.2.2.б, 27.2.2.в-д заасан нөхцөлөөс аль нэгийг нь хангасан;
27.4.2.үндэстэн дамнасан групп нь улс бүрээр тайланг томилогдсон тайлагнагч этгээдээр дамжуулан тайлагнасан;
27.4.3.томилогдсон тайлагнагч этгээд нь түүний татварын зорилгоор байрладаг улс, бүс нутгийн татварын албанд энэ хуулийн 27.2-т заасан хугацаанд багтаан улс бүрээр тайланг гаргасан;
27.4.4.томилогдсон тайлагнагч этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутгийн хуулиар улс бүрээр тайланг энэ хуулийн 27.5-д заасан шаардлагад нийцүүлэн гаргахыг шаарддаг;
27.4.5.энэ хуулийн 27.2-т заасан хугацаанд томилогдсон тайлагнагч этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутаг нь эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээрийг Монгол Улстай байгуулсан;
27.4.6.томилoгдсон тайлагнагч этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутаг нь Монгол Улсын татварын албанд системийн саатал гарсан тухай мэдэгдээгүй;
27.4.7.группийн оролцогч этгээд татварын зорилгоор байрладаг улс, бүс нутагт томилогдсон тайлагнагч этгээд гэдгээ тухайн улс, бүс нутгийн хуулийн шаардлагын дагуу мэдэгдсэн бөгөөд энэ хуулийн 27.7.2-т заасны дагуу тус мэдэгдэл харьяалах татварын албанд хүргэгдсэн;
27.5.Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан дараах мэдээллийг агуулна:
27.5.1.үндэстэн дамнасан группийн үйл ажиллагаа явуулж байгаа улс орон бүрт олсон орлого, татварын өмнөх ашиг /алдагдал/, төлсөн орлогын албан татвар, орлогын албан татварын өр, хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн, хуримтлагдсан ашиг, ажиллагчдын тоо, мөнгө болон түүнтэй адилтгах зүйлсээс бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэгдсэн мэдээлэл;
27.5.2.үндэстэн дамнасан группийн оролцогч нэг бүрийн албан татвар төлөгчийн дугаар, татварын зорилгоор оршин суугч улсын мэдээлэл, хэрэв бүртгүүлсэн болон татварын зорилгоор оршин суугч улсууд нь ялгаатай бол эдгээр группийн оролцогч бүрийн аль улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан талаарх мэдээлэл, группийн оролцогч бүрийн бизнесийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
27.6.Улс бүрээр тайлан гаргах маягт, журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
27.7.Албан татвар төлөгч доор дурдсан үүрэг хүлээнэ:
27.7.1.Монгол Улсад татварын зорилгоор байрладаг үндэстэн дамнасан группийн оролцогч этгээд нь үндэстэн дамнасан группийн толгой этгээд, эсхүл томилогдсон тайлагнагч этгээд эсэх талаар тухайн жилийн эцсийн татварын тайлан хүргүүлэх хугацаанд багтаан мэдэгдэх;
27.7.2.үндэстэн дамнасан группийн оролцогч этгээд нь үндэстэн дамнасан группийн толгой этгээд, эсхүл томилогдсон тайлагнагч этгээд биш бол тайлагнагч этгээдийн албан татвар төлөгчийн дугаар, татварын зорилгоор байрладаг улс, бүс нутгийн тухай мэдээллийг тухайн жилийн эцсийн татварын тайлан хүргүүлэх хугацаанд багтаан харьяалах татварын албанд мэдэгдэх.
27.8.Татварын алба улс бүрээр тайланг татварын эрсдэл тооцох, статистик, тооцоо судалгааны зорилгоор ашиглах бөгөөд уг тайланд үндэслэн үнэ шилжилтийн тохируулга хийхгүй.
27.9.Татварын алба улс бүрээр тайланд туссан мэдээллийн нууцлалыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон холбогдох стандартын дагуу нууцлан хадгална.
27.10.Энэ хуулийн 27.2.2 дахь заалтыг Монгол Улсын татварын байгууллага албан ёсоор гадаад улсын татварын албатай мэдээллийг автоматаар харилцан солилцож эхлэх боломжтой өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
27.11.Энэ хуулийн 27.1.6-д заасан гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийг Монголбанкнаас зарласан тухайн татварын жилийн дунджаар тооцож, дараагийн татварын жилийн 01 дүгээр сард багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/