28 дугаар зүйл. Албан татварын буцаан олголт
28.1.Албан татвар төлөгч, суутган төлөгчийн энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба дараах журмын дагуу нягталж, эцсийн тооцоо хийнэ:
28.1.1.татварын жилд албан татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээ нь энэ хуулийн 22.7-д зааснаар хязгаарлагдах;
28.1.2.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгч энэ хуулийн 22.7-д заасан хязгаарт багтаан өөрөө сонгон эдлэх;
28.1.3.албан татвар төлөгч энэ хуульд заасан хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй байх;
28.1.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тухайн татварын жилийн хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй байх.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар нь төлбөл зохих албан татварын хэмжээнээс бага тохиолдолд харьяалах татварын алба албан татвар төлөгчид мэдэгдэж, эцсийн тооцоог хийнэ.
28.3.Энэ хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар төлбөл зохих албан татварын хэмжээнээс давсан тохиолдолд илүү гарсан дүнг Татварын ерөнхий хуулийн 49.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан илүү гарсан дүн буюу албан татвар төлөгчийн буцаан авах илүү төлсөн татварыг дараах журмаар буцаан олгоно:
28.4.1.буцаан олголтыг төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид буцаан олгох;
28.4.2.буцаан олгох татварын хэмжээг харьяа татварын алба энэ хуулийн 26.1, 26.2-т заасан тайлан хүргүүлэх хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянан тодорхойлж, төрийн сангийн нэгжид хүргүүлэх;
28.4.3.энэ хуулийн 28.4.2-т заасан буцаан олголтыг дараагийн татварын жилийн 2 дугаар улиралд багтаан олгох.
28.5.Энэ хуулийн 28.4-т заасан албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.6.Буцаан олгох албан татвар нь улсын болон орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
ТУСГАЙЛСАН ТАТВАРЫН ХАРИЛЦАА