4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг;

4.1.2."биет бус хөрөнгө" гэж Иргэний хуулийн 84.5-д заасан эдийн бус хөрөнгийг;

4.1.3."гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг, алдагдал" гэж гадаад валют худалдах, худалдан авах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлыг;

4.1.4."гадаад улсаас олсон орлого" гэж энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгч, төлөөний газрын энэ хуулийн 4.1.6, 4.1.7-д зааснаас бусад орлого;

4.1.5."ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний зардал" гэж аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд бизнесийн харилцаа шинээр тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад зарцуулсан тээврийн зардал, хүлээн авалт, зочид буудал, зоогийн газрын зардал болон орчуулагчийн хөлс;

4.1.6."Монгол Улсад олсон орлого" гэж албан татвар төлөгчийн Монгол Улсад олсон энэ хуулийн 7.4-т заасан орлогыг;

4.1.7."Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого" гэдэгт албан татвар төлөгчийн дараах орлогыг хамааруулна:

4.1.7.а.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас олгосон орлого;

4.1.7.б.энэ хуулийн 5.5.2-т заасан гадаадын аж ахуйн нэгжийн Монгол Улсад зохион байгуулсан урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнээс олсон орлого;

4.1.7.в.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон ногдол ашгийн орлого;

4.1.7.г.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон, шилжүүлсэн энэ хуулийн 9.4-т заасантай холбогдох хүүгийн орлого;

4.1.7.д.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улс дахь эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа хөрөнгө, тэдгээртэй холбоотой эрх борлуулсан, шилжүүлсэн, түрээслүүлснээс олсон орлого;

4.1.7.е.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон эрхийн шимтгэлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө түрээслүүлсэн, ашиглуулсан болон ашиглах эрхийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;

4.1.7.ж.төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид тухайн төлөөний газраас шилжүүлсэн орлого;

4.1.7.з.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн төлөөний газрын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа хөрөнгө, тэдгээртэй холбоотой эрх борлуулсан, шилжүүлснээс олсон орлого;

4.1.7.и.төлөөний газрын үйл ажиллагаанд ашиглагдах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө борлуулсан, түрээсэлснээс олсон Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн орлого;

4.1.7.к.энэ хуулийн 4.1.7.а-4.1.7.и-д заасантай адилтгах бусад орлого.

4.1.8."суутган төлөгч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.19-д заасныг;

4.1.9."үл хөдлөх эд хөрөнгө" гэж Иргэний хуулийн 84.3, 86.2-т заасныг;

4.1.10."хайгуулын зардал" гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.6, Газрын тосны тухай хуулийн 4.1.8-д заасан болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхтэй шууд холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал;

4.1.11."харилцан хамааралтай этгээдүүд" гэж Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг;

4.1.12."эрх эзэмшигч" гэж ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар ашиглах, эзэмших эрхийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу эзэмшдэг этгээдийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.