9 дугаар зүйл. Хөрөнгийн орлого
9.1.Хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно:
9.1.1.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого;
9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;
9.1.3.ногдол ашгийн орлого;
9.1.4.хүүгийн орлого.
9.2.Энэ хуулийн 9.1.2-т заасан эрхийн шимтгэлийн орлогод дараах төлбөр хамаарна:
9.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;
9.2.2.Патентийн тухай хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүн болон ашигтай загвар ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;
9.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;
9.2.4.Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
9.2.5.үйлдвэр, худалдаа, шинжлэх ухааны туршилттай холбоотой мэдээллийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;
9.2.6.үйлдвэр, худалдаа, шинжлэх ухааны туршилтын тоног төхөөрөмжийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр;
9.2.7.энэ хуулийн 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5, 9.2.6-д заасантай адилтгах бусад эрх ашигласны болон ашиглах эрхийн төлбөр.
9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувьцаа эзэмшил, нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого, ашгийн хувь, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлого хамаарна.
9.4.Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод барьцаагаар баталгаажуулсан эсэх, зээлдэгчийн хөрөнгөд оролцох эрхтэй эсэхийг үл харгалзан бүх төрлийн өр, өглөг, харилцах болон хадгаламжийн данс, баталгаа, батлан даалт, зээл, зээллэг, бонд, өрийн хэрэгсэл болон тэдгээрийн урамшуулал зэрэгтэй шууд холбогдуулан зээлдэгчээс олгосон орлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүүгийн орлого гэж үзэх бусад орлого хамаарна.