8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого
8.1.Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:
8.1.1.бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
8.1.2.эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого; /Энэ заалтад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.3.техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
8.1.4.үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
8.1.5.энэ хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4-т заасантай адилтгах бусад орлого.
8.2.Энэ хуулийн 6.4, 8.1.3-т заасан "техникийн үйлчилгээний орлого" гэдэгт шинэ технологи нэвтрүүлэх, хөдөлмөр, техникийн аюулгүй ажиллагааны болон үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнд мөрдөх хөдөлмөр зарцуулалтын норм, материал, түүхий эдийн зарцуулалтын хэмжээг тооцож тогтоосон баримт бичгийг бэлтгэж боловсруулах, нийгэм, эдийн засгийн судалгаа явуулах, аудитын үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, засвар үйлчилгээ, дээж сорьцын шинжилгээ хийх, инженер, техникийн ажиллагчдыг сургах, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэхтэй холбогдсон ажил, үйлчилгээнээс олсон орлогыг хамааруулна.
8.3.Энэ хуулийн 6.4, 8.1.3-т заасан "удирдлагын үйлчилгээний орлого" гэдэгт аж ахуйн үйл ажиллагаа /үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ/-г үр ашигтай хэвийн явуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж өөрийн мэргэжилтнийг гэрээгээр буюу харилцан тохиролцож ажиллуулсны үр дүнд олсон орлогыг хамааруулна.
8.4.Энэ хуулийн 6.4, 8.1.3-т заасан "зөвлөхийн үйлчилгээний орлого" гэдэгт аж ахуйн нэгжид менежмент, маркетинг, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үе шатны талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулах зэрэг ажил, үйлчилгээ үзүүлснээс олсон орлогыг хамааруулна.
8.5.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар үйл ажиллагааны орлогод тооцогдох хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого олох үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгчийн дээр дурдсан орлогыг энэ хуулийн 8.1.1-д заасан орлогод тооцно.