10 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт
10.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна.
10.2.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ.
10.3.Хэмжил зүйн мэргэжлийн байгууллага энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно.
10.4.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг улсын шалгагчийн эрх авсан ажилтан холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ.
10.5.Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно.
10.6.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг, гэрчилгээ, мэдэгдлийн загварыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
10.7.Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно.
10.8.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно.
10.9.Загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй.
10.10.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хоорондын хугацааг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
10.11.Хэмжил зүйн олон улсын байгууллага болон үйлдвэрлэгч орны хэмжил зүйн байгууллагаас хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалт хийх эрх авсан, олон улсын итгэмжлэлийн тогтолцооны дагуу итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалтын үр дүнг тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрч болно.
10.12.Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.