9 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн загварын туршилт

ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн загварын туршилт

9.1.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулна.

9.2.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ.

9.3.Энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн мэргэжлийн байгууллага холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно.

9.4.Загварын туршилтад тэнцсэн, эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээ олгоно.

9.5.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг холбогдох стандарт болон энэ хуулийн 9.6-д заасан журмын дагуу хийж гүйцэтгэнэ.

9.6.Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

9.7.Импортлох хэмжих хэрэгсэлд дараах байгууллагаас загварыг баталж, гэрчилгээ олгосон тохиолдолд загварын туршилтыг давтан хийхгүйгээр хүлээн зөвшөөрнө:

9.7.1.Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/;

9.7.2.энэ хуулийн 9.7.1-д заасан байгууллагаас эрх авсан хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч;

9.7.3.энэ хуулийн 19.1-д заасан байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаад орны хэмжил зүйн төв байгууллага.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.