11 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

11.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид "Сан" гэх/ байна.

11.2.Сангийн хуульд заасан чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

11.3.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

11.4.Санд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.5.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7-д заасны дагуу Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.6.Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:

11.6.1.бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;

11.6.2.жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;

11.6.3.дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл.

11.7.Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг Сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална.

11.8.Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно.

11.9.Сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход доор дурдсан хязгаарлалтыг баримтална:

11.9.1.Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгох;

11.9.2.зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх.

11.10.Энэ хуулийн 11.8-д заасны дагуу Сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

11.11.Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

11.11.1.Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;

11.11.2.зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;

11.11.3.Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;

11.11.4.шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;

11.11.5.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

11.12.Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

11.13.Албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

11.14.Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзнэ.

11.15.Сан төсөл сонгон шалгаруулсан шийдвэрийг тухайн шийдвэр гарснаас хойш Сангийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр ажлын 5 өдрийн дотор нийтэд мэдээлнэ.

11.16.Сан нь зээлийн болон дамжуулан зээлдүүлэх гэрээний биелэлтэд хяналт тавина.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.