17 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2022-04-22

17.1.Жижиг, дунд үйлдвэрийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомж, төрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах;

17.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах;

17.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын харилцаанд оролцогчидтой харилцах, мэдээлэл солилцох, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх;

17.1.4.энэ хуулийн 12.1-д заасан этгээдийг зөвлөгөө, мэдээллээр хангах;

17.1.5.хүний нөөцийг сургах, чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулах;

17.1.6.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих цахим мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх;

17.1.7.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт шаардлагатай хүний нөөцийн судалгааг жил бүр хийж, үр дүнг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

17.1.8.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаарх судалгааг тогтмол хийж, тэдгээрийг хөгжүүлэх, дэмжихтэй холбогдсон санал боловсруулж шийдвэрлүүлэх;

17.1.9.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;

17.1.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

17.1.11.хариуцсан асуудлаар шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авах;

17.1.12.цахим худалдаа нэвтрүүлэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

17.1.13.аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан нэгж, албан хаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.1.14.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг. /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.