6 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэх

6.1.Энэ хуульд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

6.2.1.улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

6.2.2.ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;

6.2.3.эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан.

6.3.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангасан гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгоно.

6.4.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу байвал үндэслэл бүхий бүртгэхээс татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлнэ.

6.6.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага доор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасна:

6.6.1.ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1-д заасан хязгаараас хэтэрсэн;

6.6.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан;

6.6.3.бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

6.6.4.аж ахуйн нэгж татан буугдсан;

6.6.5.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

6.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.