3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."терроризм" гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төрийн байгуулал, нийгэм, эсхүл түүний тодорхой хэсэгт нөлөөлөн айдаст автуулахаар хүчирхийлэл үйлдэх, хүчирхийлэл үйлдэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг;

3.1.2."олон улсын терроризм" гэж олон улсын харилцаа, улс орнуудын төрийн хяналт, удирдлагад нөлөөлөх зорилго бүхий улс дамжсан терроризмыг;

3.1.3."террорист үйл ажиллагаа" гэдэгт доор дурдсан үйлдлийг ойлгоно:

3.1.3.а.террорист үйлдлийг төлөвлөх, бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх;

3.1.3.б.террорист үйлдэлд оролцох, террорист байгууллага, аливаа бүлэгт элсэх, сургалт, бэлтгэлд хамрагдах;

3.1.3.в.терроризмд хүн, хуулийн этгээдийг татан оролцуулах, элсүүлэх, ашиглах, сургах, зэвсэглэх;

3.1.3.г.террорист үйлдэлд бэлтгэхээр аливаа бүлэг, байгууллага байгуулах;

3.1.3.д.терроризмыг олон нийтэд зөвтгөх, дэлгэрүүлэх, суртал ухуулга явуулах;

3.1.3.е.террорист үйлдэлд хүн, хуулийн этгээдийг уриалах, өдөөн хатгах, турхирах, албадах;

3.1.3.ё.терроризмыг санхүүжүүлэх, шууд болон шууд бусаар аливаа туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

3.1.3.ж.террорист үйлдэлд зориулан аливаа юмс, зэвсэг, хэрэгсэл, технологийг зохион бүтээх, үйлдвэрлэх, тараах, эзэмших, ашиглах, өмчлөх, хадгалах, хянах.

3.1.4."террорист үйлдэл" гэж улс төр, шашин, үзэл суртал, эдгээртэй адилтгах бусад зорилгодоо хүрэхийн тулд төр, олон улсын байгууллагаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардаж хүн амыг айдаст автуулах, хүнийг алах, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахыг;

3.1.5."террорист этгээд" гэж террорист, террорист байгууллагыг;

3.1.6."террорист" гэж өөрийн хүсэл зоригоор, сайн дураар, санаатайгаар террорист үйл ажиллагааг шууд болон шууд бусаар үйлдэх, түүнд оролцож байгаа хүнийг;

3.1.7."террорист байгууллага" гэж террорист үйл ажиллагааг шууд болон шууд бусаар үйлдэх, эсхүл түүнд оролцохоор өөрийн хүсэл зоригоор, сайн дураар, санаатайгаар нэгдсэн террористуудын аливаа бүлэг, нэгдлийг;

3.1.8."терроризмтой тэмцэх" гэж терроризмын суурь нөхцөл бүрдэх, террорист үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирол, хор уршгийг арилгахаар авч хэрэгжүүлж байгаа улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдлийг;

3.1.9."терроризмын суурь нөхцөл" гэж тухайн нутаг дэвсгэр, түүний тодорхой хэсэг, барилга байгууламж, объект, террорист үйл ажиллагаанд өртөж болзошгүй хүчин зүйл, нөхцөл байдлыг;

3.1.10."террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа" гэж террорист үйлдлийг таслан зогсоох, террорист этгээдийг аюулгүй болгох, баривчлах, хүн, хуулийн этгээдийн аюулгүй байдлыг хангах, хор уршгийг багасгах зорилгоор цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон төрийн цэргийн байгууллагын томилгоот хүч хэрэгслээр нэгдмэл бодлого, төлөвлөгөө, удирдлагаар гүйцэтгэх цогц ажиллагааг;

3.1.11."террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны хүч хэрэгсэл" гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд томилогдсон удирдлагын, хангалтын, тусгай ажиллагааны бүлэг, түүнд дэмжлэг үзүүлэх хэсгийн нэгдэл, тэдгээрийн ашиглах зэвсэглэл, техник хэрэгслийг;

3.1.12."террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс" гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулахаар энэ хуульд заасны дагуу тогтоосон нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг, барилга байгууламж, объект, эдгээртэй залгаа орших байршлыг;

3.1.13."террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм" гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд хуульд заасны дагуу террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны Шуурхай штаб /цаашид "Шуурхай штаб" гэх/-аас тогтоосон онцгой нөхцөлийг;

3.1.14."террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны Нэгдсэн удирдлагын төв /цаашид "Нэгдсэн удирдлагын төв" гэх/" гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах, явуулах, үр дүнг Терроризмтой тэмцэх зөвлөлд танилцуулах үүрэг бүхий тусгайлан томилогдсон алба хаагчийн нэгдлийг;

3.1.15."Шуурхай штаб" гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсэд сөрөг тусгай ажиллагаа явуулах томилгоот хүч хэрэгслийн нэгдлийг;

3.1.16."хориг арга хэмжээ" гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой хориг арга хэмжээг;

3.1.17."хориг арга хэмжээний жагсаалт" гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;

3.1.18."дотоодын жагсаалт" гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;

3.1.19."үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх /цаашид "зэвсэг дэлгэрүүлэх" гэх/" гэж Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологи болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зорилгоор хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, олж авах, тээвэрлэх, экспортлох, шилжүүлэх, хуримтлуулах, худалдах, худалдан авах, ашиглах аливаа үйл ажиллагааг;

3.1.20."үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх" гэж Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологи болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зорилгоор хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, олж авах, тээвэрлэх, экспортлох, шилжүүлэх, хуримтлуулах, худалдах, худалдан авах, ашиглахад бүрэн, эсхүл хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.21."хөрөнгө царцаах" гэж аливаа хөрөнгө, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр албадан битүүмжлэх, хураан авах хүртэл хугацаанд захиран зарцуулах, шилжүүлэх, удирдах эрхийг хязгаарлахыг.

3.2.Зэвсэгт мөргөлдөөн болон террорист үйл ажиллагаанд оролцох зорилгоор өөрийн төрөлх, эсхүл оршин суугаа улсаас өөр улсад зорчсон хүнийг энэ хуулийн 3.1.6-д заасан террорист гэж үзнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.