6 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх арга хэмжээний үндсэн чиглэл
6.1.Төрөөс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.1.1.терроризмын нөхцөл байдал, түүний суурь нөхцөлийг үнэлэх;
6.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
6.1.3.терроризмын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, терроризмоос ангид байх үзлийг төлөвшүүлэх;
6.1.4.терроризм үл нутагших, террорист этгээд нэвтрэхгүй, орогнохгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
6.1.5.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах;
6.1.6.хүн, хуулийн этгээд, улсын онц чухал объект, хүн ам олноор төвлөрсөн газрыг террорист үйлдлээс сэргийлэн хамгаалах;
6.1.7.террорист үйлдэлд өртөх эрсдэлийг бууруулах, түүнээс үүсэх хохирол, хор уршгийг багасгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
6.1.8.зэвсэг, бодис, хэрэгсэл, юмсыг террорист үйлдэлд ашиглахаас сэргийлэх;
6.1.9.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах;
6.1.10.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд хүн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан терроризмын нөхцөл байдлыг үнэлэхдээ бүс нутаг, улс оронд үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй терроризм, түүний чиг хандлага, арга хэлбэр, аюул занал, эрсдэлд дүн шинжилгээ хийж, олон улсын байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг харгалзан дүгнэлт гаргана.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ