30 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг
30.1.Хуулийн этгээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
30.1.1.байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авах;
30.1.2.үйл ажиллагаа явуулж байгаа байршил, түүний ойр орчимд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг авах;
30.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг ажилтнууддаа мэдээлэх, сурталчлах;
30.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хөтөлбөр, төлөвлөгөө, арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
30.1.5.барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
30.1.6.хууль тогтоомжид заасан бусад.
30.2.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.
30.3.Энэ хуулийн 30.1.5-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
30.4.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно.